Ардчилсан намын дарга М.Тулгат тэргүүтэй намын удирдлагууд өчигдөр буюу энэ сарын 21-ны өдөр Ерөнхий сайд асан М.Энхсайхантай ШШГЕГ-ын хорих ангид очиж уулзлаа.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Ардчилсан намын Цахим Их Хурлаар М.Энхсайхан болон нэр бүхий 10 гаруй иргэдийг “Үзэл санааны” хоригдол хэмээн зарласан бөгөөд уг асуудлаар олон улсын “Amnesty International” болон “Human right watch” байгууллагуудад хандаад байсан юм. Энэ уулзалтаар “Amnesty International” олон улсын хүний эрхийн байгууллагаас Ерөнхий сайд асан М.Энхсайхантай холбоотой гаргасан мэдэгдэл болон Монгол Улс дахь хорих ангиудын нөхцөл байдлын талаар санал солилцлоо.
АН-ын дарга М.Тулгат уулзалтын үеэр “Хүний эрхийн асуудал шоронгийн хашааны цаана ч мартагдах ёсгүй. Ардчилсан Монгол улсад 21-р зуунд “Үзэл санааны” хоригдлууд гарч ирж байгаа нь харамсалтай. Ардчилсан орнуудад энэ асуудал дээр хуулийн чиглэлийн багш оюутнууд нь санаачилж “Шоронгоо эргэе!” хөдөлгөөнийг өрнүүлдэг. Манайд ч бас энэ чиглэлийн ажил хийгдэх жишиг тогтоох шаардлагатай байна. Ардчилсан нам үүнд уриалж ажиллана” хэмээсэн бөгөөд Ерөнхий сайд асан М.Энхсайханыг АН-ын даргын зөвлөхөөр ажиллахыг албан ёсоор урьсан юм.
Ерөнхий сайд асан М.Энхсайхан “Улс төрийн намын удирдлагуудаас шорон эргэж буй анхны дарга болон ирсэнд талархал илэрхийлээд надаар дамжуулан шоронд хоригдож буй нийт иргэдээ эргэж, нөхцөл байдалтай нь танилцлаа гэж ойлгож байна” гэлээ.