Цаг үеийн мэдээ

Уулзалтад Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл болон яам, агентлаг, байгууллагууд, нийслэл, аймаг, дүүргийн салбар зөвлөлийн гишүүд танхим болон цахимаар оролцов. Залуучууд голчлон гарааны бизнесийг дэмжих, тогтвортой ажлын байр, боловсрол, эрүүл мэнд, гэр бүл, орон сууц, орон нутаг, хилийн боомтуудад  ажиллахад нь  дэмжлэг үзүүлэх, хот хөдөөгийн тэнцвэрийг хангах, эдгээрт залуучуудын оролцоо ямар байж болох талаар байр сууриа илэрхийллээ.

Залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр Засгийн газар боломжит бүх арга хэмжээг авна гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотголоо. 2022 оны улсын төсвийг батлуулахдаа:

-       Иргэд, ялангуяа залуучууд, залуу гэр бүлийг орон сууцжуулах

-       Цахим шилжилт хийх

-       Төвлөрлийг сааруулах

-       Ногоон байгууламж бий болгох

-       Экспортыг дэмжиж, ажлын байр бий болгох тусам тухайн аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих бодлого барихаа хэлэв.

Залуучуудын хөгжлийн үндэсний болон салбар зөвлөлүүд залуучуудын өмнө тулгарч байгаа асуудал, түүний гарц шийдлийг нь олж хардаг, мэдрэмжтэй, мэргэжлийн, сайн зөвлөгч байхыг хүслээ. Засгийн газар ч санал, зөвлөгөөг нь ажилдаа тусгаж, шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог хангаж байхаа хэлэв.

2017 онд УИХ Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль батласан байна. Энэ хүрээнд 2018 онд Залуучуудын хөгжлийн төвүүд байгуулагдсан бол 2019 онд Үндэсний хөтөлбөртэй болжээ. Өнгөрсөн сард Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийн 2021 онд хийх ажлын төлөвлөгөөгөө батласан юм. Зөвлөл нь залуучуудын хөгжлийг дэмжих, эрхийг нь хангах, шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний үзэл бодлыг сонсох, санал, санаачилгыг нь дэмжих замаар үнэлэмж, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх зорилготой.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 300 гаруй салбар зөвлөл 6,000 гаруй гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалдаг юм.

 

Таны сурталчилгаа