Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өглөө 07.00 цагаас эхэлж 12:00 цагийн байдлаар 14.3 хувийн ирцтэй байгаа талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл өглөө. Энэ үеэр СЕХ-ны хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ: "Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор зогссон. Сурталчилгааны хугацаанд сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь нэр дэвшигчийн зурагтай лого уриа үгтэй, таних тэмдэг бүхий хувцас хэрэглэл өмсөх боломжтой. Сонгуулийн сурталчилгаа хаагдсан учраас ямар нэгэн байдлаар ийм хувцас хэрэглэл өмсөхийг хуулиар хориглоно. Мөн саналаа өгсөн сонгогч хэн нэгнийг дэмжсэн, дэмжээгүйг илэрхийлээд саналын хуудсан дээрх тэмдэглэл бүхий зургийг авч бусдад нийтэх нь хуулиар хориглосон үйлдэл. Иргэд үүн дээр анхааралтай хандах хэрэгтэй. Дэмжсэн эсвэл дэмжээгүй гэдгээ илэрхийлэх хэлбэр нь саналын хуудсанд саналаа өгөх юм. Сонгуулийн сурталчилгаа зогссон байхад ямар нэг байдлаар нам эвслийн далбаа зургийг цахим орчинд нийтлэх нь хууль тогтоомжийг зөрчиж байгаа хэлбэр болно. Үүнд Харилцаа холбооны зохицуулах хороо хяналт тавьж ажилладаг. Энэ талаар гомдол ирж, хаах арга хэмжээ авч байна. Иргэддээ хандаж хэлэхэд санал өгсөн саналын хуудасны зургийг авч олон нийтэд мэдээлэх нь хуулиар хориглосон үйлдэл юм гэдгийг хэлмээр байна" гэлээ.