Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2021.06.09/ 12.00 цагт Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, 29 дүгээр тойргийн 2 дугаар хэсгийн хороонд очиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн саналаа өглөө. 

Тэрбээр хэлсэн үгэндээ, “Юуны өмнө нийт сонгогч түмэндээ түүхэн ач холбогдолтой, онцгой нөхцөлд зохион байгуулагдаж буй сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос 11 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгуулийн ирц 13.45 хувьтай байгааг мэдээлсэн. Үүнээс харвал сонгуулийн ирц өмнөх жилүүдээс өндөр байна. Түүхэн гэж хэлэхийн учир бол удахгүй бид Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Нөгөө талаараа цар тахлын нөхцөлд иргэд маань халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, саналаа өгч байгаа нь бахархууштай байна. Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ой, тусгаар тогтнолыг авчирсан үндэсний их баяр наадмын өмнө, ковидгүй зун болох гэж буй энэ цаг үед залуучууд маань Үндсэн хуульд заасан эрх, үүргээ биелүүлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.” хэмээн онцлов.

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байдаг.

Энэ удаагийн сонгуулийг Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлан хэрэгжүүлж байгаа үед зохион байгуулж буйгаараа онцлогтой болж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Таны сурталчилгаа