УИХ-ын гишүүн П.Анужин өөрийн цахим хуудастаа төрийн гэх тодотголтой ёслолд төрийн хүн хувцас эдлэл, тэр дундаа түүнд агуулагдаж буй билэгдэл зэргийг хэрхэн анхаарч байх ёстой тухай үзэл бодлоо хуваалцжээ. Тэрээр: "Мандах төрийн малгай, Бүтэх төрийн бүс, Тулх төрийн гутал, Дэвжих төрийн дээл гэдэгт их учир бий.
Хувцас эдлэлийг аливаа хүн боломжоороо, мэдрэмжээрээ, мөн өөрийн сонголтоор эдэлж хэрэглэдэг. Энэ сонголтын тухайд өгүүлэхгүй, шүүхгүй, өөлөхгүй. Үндэсний хувцсаа хөгжүүлэн, хялбар төсөр болгож, маяг хийц нэмж өдөр тутмын хэрэглээнд оруулж, өв соёлоо өртөөлж буй залуусыг харахад маш сайхан санагддаг.
Харин, “ төрийн” хэмээх тодотголтой юм бүхэн, хэн бүхэнд “Төр төмбөгөр” хэмээх үг хамаатай. Өндөр төрийн ёс, ёслолд хүн нь өөрөө нийцдэг болохоос хүндээ зориулж хувирдаг төрийн ёслол, хүндэтгэл гэж үгүй. Дээрх асуудалтай холбоотой байнгын хорооны нэгэн хуралдаанд, төрийн хүний хувцас эдлэл, тэр дундаа түүнд агуулагдаж буй билэгдэл зэргийг анхаарч байх ёстой, Монгол улс торго үйлдвэрлэдэггүй, ихэнхи төлөв “урд” зүгээс ирдгийн хувьд билэгдэл утгыг анхаарах ёстойн дээр , “төрийн” хүмүүс нь мөхсөн улс үндэстний ( манж гэх мэт) соёлыг тээгээд явж байх вий гэсэн утгатай санал үг хэлснийг “дээлийн хээ”-ний хууль санаачиллаа хэмээн гуйвуулаад явчихсан. Одоогоор УИХ ийм хууль хэлэлцэж батлаагүй.
Хүнд нүсэр эсгий, булигааран гутал, шарваар, нударгатай дээл өмсөх тухай энд бичсэнгүй. Гоё чамин торго дурданг ч өгүүлсэнгүй. Төрийн хүн, шидмэс мэт бүс хайш яйш бүслэхэд төр сулран задарна, энгэр цээж нь буруу зөрүү, багадаж дутсан дээл өмсөхөд улсын сүр доройтно, гутал сэлт тулхгүй байхад улсын суурь доройтно гэх мэт мэт тайлал, билэгдлийг тунгааж явахад гэмгүй санагддаг. “Төрийн хүн”-ий төр улсаа дээдлэх, түүх соёлоо хайрлах, үндэс язгуураа тодотгон илэрхийлдэг эрхэмлэх чухал зүйл бол үндэсний дээл хувцсаа зөв өмсөж, хэрэглэх хэмээн боддог. Төрийн хүн маяг хийц, хувийн дур сонирхол, онцгойрол гэхээсээ ёс билэгдлийг барих нь ард иргэдэд ч эерүү бат сэтгэлийг төрүүлдэг" хэмээжээ.