Цаг үеийн мэдээ

Улсын Их Хурлын даргын 2021 оны 38 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг болон Эдийн засгийн байнгын хороо хамтран Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн талаарх хэлэлцүүлгийг 2021 оны зургадугаар сарын 16-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна. Хэлэлцүүлэг танхим болон цахим хэлбэрээр явагдана.

Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын нэр бүхий 22 гишүүнээс 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг нэгтгэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “Ажлын хэсэг шинэчлэн батлах тухай” 38 дугаар захирамжаар байгуулсан.

Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Д.Өнөрболор, Б.Пүрэвдорж, Б.Энхбаяр нар ажиллаж байна.

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл нь Улсын Их Хурлын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөл дээр суурилсан бөгөөд төслийн зорилт нь үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй, орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх, байгалийн баялаг, төрийн нийтийн зориулалттай өмчийг ашиглахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, олгосон зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, түүнчлэн зөвшөөрлийн ангилал, төрөл, тэдгээрийн нэгдсэн бүртгэл, Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглох үйл ажиллагааг тогтоохтой холбоотой нийтлэг харилцааг зохицуулахаар тусгагдсан.

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг танилцуулах бөгөөд Тусгай зөвшөөрөлтэй холбогдох аливаа харилцаанд тулгарч буй асуудлын талаар Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам зэрэг 20 гаруй төрийн байгууллагуудын төлөөлөл оролцож мэдээлэл хийнэ.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, төрийн байгууллагын төлөөлөл оролцоно.

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөлтэй  http://forum.parliament.mn/projects/11138  холбоосоор танилцана уу.

Таны сурталчилгаа