Цаг үеийн мэдээ

Таван толгой түлш ХХК өчигдрөөс эхлэн сайжруулсан шахмал түлшийг иргэдэд борлуулж эхэлсэн. Улмаар галлагааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан аравдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-н хүртэлх нэг сарын хугацаанд “Угаарын хийгээс урьдчилан сэргийлье” аяныг санаачилж, танилцуулсныг Тэргүүлэгчид дэмжлээ. 

Учир нь сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээс хойших хоёр жилийн хугацаанд иргэд угаарын хийд хордсон тохиолдлын хамгийн их нь жилийн энэ үед байжээ. Тиймээс галлагааны стандарт алдагдсанаас үүдэж иргэд гэртээ угаартах, улмаар амь насаа алдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс Нийслэлийн ЗДТГ, Захирагчийн ажлын алба, түүний харьяа газар хэлтсүүд, дүүрэг, хороод зэрэг нутгийн захиргааны бүх байгууллага, Таван толгой түлш ХХК, олон нийтийн байгууллага, хувийн хэвшил, иргэдтэй хамтран дээрх аяныг эрчимтэй өрнүүлнэ. Энэ хүрээнд айл өрхүүдэд яндан, пийшингээ хэрхэн хөөлөх, галлагааны стандартыг яаж баримтлах талаарх заавар зөвлөгөөг хүргэж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг иргэдтэй хамтран зохион байгуулах юм.