Цаг үеийн мэдээ

Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Уушгийн гарам” гэдэг газарт 8 сарын 31-ний өдөр “Орхон” голын усанд суусан автомашинаа ган татлагаар холбох, голын уснаас татан гаргах гэж ус руу орсон 1 хүн живсэн тухай дуудлагыг 9 сарын 2-ны өдрийн 20:25 цагт хүлээн авч эрэн хайх ажиллагааг 9 сарын 2-ны өдрөөс 9 сарын 7-ны өдөр, 9 сарын 16-ны өдрөөс 9 сарын 23-ны өдрийг хүртэл тус тус зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул зогсоосон байжээ. 10 сарын 12-ны өдөр ар гэрийнхнээс нь дахин хүсэлт өгсний дагуу иргэн Л /44 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэн мөн өдрийн 11:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. 10 сарын 14-ний өдрийн байдлаар тус сумын Халиун багийн “Уушгийн гарам” гэдэг газраас “Цоохор морьтын гарам” гэдэг газар хүртэл 50 км-т завиар урсаж, голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:30 цагт түр зогсоож, 10.15-ны өдрийн 08:00 цагт эхлүүлжээ.

Мөн Төв аймгийн Заамар Төмөртэйн 2 дугаар багийн “Доргол” гэдэг газарт “Шижир-Алт” ХХК-ийн 5 ажилтан загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, 2 хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 10 сарын 05-ны өдрийн 22:21 цагт хүлээн авчээ. 10 сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн О /53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, “Шижир Алт” ХХК-ийн ажилтнууд, ар гэрийнхэн тус сумын Төмстэй багийн “Доргор” гэдэг газраас “Туулын гүүр” гэдэг газар хүртэл 35 км-т завиар урсаж, голын эрэг дагуу явганаар болон автомашинтайгаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:15 цагт түр зогсоож, 10 сарын 15-ны өдрийн 07:30 цагт эхлүүлжээ.