Цаг үеийн мэдээ

Сүүлийн үед нийгмийг цочроосон гэмт хэргүүдийн талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө.

Тэрээр "Хан-Уул дүүрэг, 11-р хорооны нутаг дэвсгэрт 23.44 цагт гаднын халдлагад өртсөн байж болзошгүй хүн цустай хэвтэж байна гэх дуудлага, мэдээлэл ирсэн. Энэ дагуу алба хаагчид шуурхай ажиллаж, амь хохирогч нь 24 настай Б болохыг тогтоосон. Түүнчлэн шуурхай эрэн сурвалжилж, хэргийг үйлдсэн этгээд нь талийгчтай хамтран амьдардаг байсан 35 настай Ч гэгч болохыг мөн тогтоосон. Тухайн этгээд согтууруулах ундаа хэрэглэж байсан гэх мэдээлэл ирж байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. 

Бас нэг хэргийн тухайд, удаан хугацааны туршид гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэй аргагүй хамгаалалтын улмаас нөхрөө хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарсан. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй мөрдөгч яллах болон цагаатгах нотлох баримтуудыг хамтад нь цуглуулж явдаг. Энэ цугларсан баримт дээр шүүх дүгнэлт гаргадаг. Иймд цугларсан нотлох баримтуудад үндэслэж, нөхцөл байдлыг аргагүй хамгаалалт гэж үзэн, цагаатгах хууль эрх зүйн зохицуулалт бий" гэв.