УИX даxь Ардчилсан намын бүлэг ээлжит xуралдаанаа 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр xуралдуулж, хэд хэдэн асуудлыг авч хэлэлцсэний нэгдүгээрт Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 45 дугаар захирамжаар байгуулагдсан “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюутолгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ажлын явцын талаарх мэдээллийг сонслоо.
Танилцуулгыг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал Н.Цэрэнбат нар хийв.
Ажлын хэсэг өмнө нь 2021 оны 04 дүгээр сард мөн УИХ дахь АН-ын бүлэгт танилцуулга хийж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд Рио Тинто, Тьюркос хилл компанийн төлөөлөгчидтэй яриа хэлэлцээг үргэлжлүүлж, шаардлагатай арга хэмжээнүүдийг шат дараатайгаар авч хэрэгжүүлж ирснээ танилцуулгын эхэнд дурьдлаа. Тухайлбал Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын зардал ойролцоогоор 4 их наяд төгрөгөөр нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа 2 жил гаруй хугацаагаар хойшилсон. Хойшилсон шалтгааныг судлах зорилгоор томилсон хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг 2021 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авсан. Энэхүү дүгнэлтээр төслийн хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэж, хугацаа хойшилсон үндсэн шалтгаан нь гео-техникийн буюу Рио Тинто компанийн хэлсэнчлэн хөрсний чулуулгаас шалтгаалаагүй, харин төслийн менежментийн алдаа, ажлын уялдаагүй байдал зэрэг хүчин зүйлээс шалтгаалсан гэсэн нь анхаарал татаж, энэ асуудал дээр тайлбар тавих шаардлагыг Рио Тинто компанид хүргүүлсэн гэлээ. Ажлын хэсгийн зүгээс төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох өрийг 100 хувь тэглэх саналыг хүргүүлсэн бөгөөд Дубайн буюу далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг хүчингүйд тооцох талаар яриа хэлэлцээг эхлүүлээд гэдгийг сайд Х.Нямбаатар онцоллоо. Оюутолгой ХХК-ийн нэхэмжлэлтэй татварын арбитрын маргаан үргэлжилж байгаа бөгөөд Засгийн газрын ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд ахлан ажиллаж байгааг дуулгалаа.
Ажлын хэсгийн товч танилцуулгыг сонссоны дараа хуралд оролцсон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зүгээс зарим асуудлаар тодруулга авч, саналаа хэллээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Ганбаатар ЗГ-аас гаргасан сөрөг нэхэмжлэлээр таван улсын шүүх дээр хэрэг үүссэн байгааг онцлоод ойрын хугацанад үр дүнд хүргэх тал дээр анхаарч ажиллахыг ажлын хэсэгт санууллаа. “Хэрэв сөрөг нэхэмжлэхээр үүссэн хэргүүд шийдэгдвэл Дубайн гэрээ ч биш, бүр анхны хөрөнгө оруулалтын гэрээг цоо шинээр байгуулж, цоо шинээр Рио Тинто компанитай ширээний ард суух алтан боломж бий болох болно” гэлээ.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Олон улсын хөрөнгийн бирж дээр гарсан аливаа нээлттэй компанийн хувьд жижиг байна уу, том байна уу, оролцогч бүх талуудын эрх ашиг нийцэж байж тухайн компанийн засаглал нь зөв явдаг жамтай. Гэтэл Оюутолгой компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн асуудал бүрхэг байсаар байгаа нь ирээдүйд дахиад асуудал үүсгэх магадлалтайг анхаараарай” гээд Монгол Улсын Засгийн газар 34 хувьтай гээд Рио Тинто-той хэлэлцэж хэлэлцэж нэг шийдвэр гаргадаг, гэтэл удалгүй нэг жижиг хувьцаа эзэмшигчид гэж гарч ирээд, дахиад олон улсын шүүх, дахиад олон улсын байгууллагад хандаад, дахиад хэрэг маргаан өрнөвөл ямар үр дүн гарах вэ, ямар эрсдэл үүсэх вэ гэдгийг онцгой анхаарах шаардлагатайг санууллаа.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Ерөнхий сайдын “Оюу толгойн асуудлыг хаалттай хэлэлцэж, зарим нэг чагтагуудыг салгамаар байна” гэж хэлж байсныг сануулаад Их хурал дээр хийх хаалттай мэдээллээ түргэвчилж, асуудлаа нэгмөр болгох хэрэгтэй байна гэв.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Ялсан нам бүр, түүнээс байгуулагдсан Засгийн газар болгон Оюутолгойн ажлыг урагшлуулах гэж зүрх сэтгэлээрээ зүтгэдэг ээ. Мэдээж алдаатай, оноотой юмнууд бий. Өмнөх ЗГ-уудын хийж байсан ажлуудыг ерөөсөө үгүйсгэж болохгүй. Аль болохоор зөвийг нь цаашдын бодлогодоо шингээгээд авч явах хэрэгтэй” гээд Засгийн газар болгоны байгуулдаг энэ олон ажлын хэсгүүд яг тодорхой үр дүн гаргасан нь юун дээр байна аа, дэвшил ололтууд гараад байна гэх мөртөө ард түмний хүсээд байгаа бодит үр дүн буюу ноогдол ашиг авах хугацаа маань алсраад байна. Ард түмэн яг маргааш ноогдол ашгаа авахыг хүсэж байгаа. Тэгэхээр яг бодитоор гарах үр дүн дээрээ ажлын хэсэг онцгой анхаарч ажилламаар байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Ганибал ажлын хэсгийг олон улсын зөвлөх үйлчилгээний санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгааг сайшаагаад, Оюутолгой нь мэргэжлийн ур чадвартай баг ажиллуулж өнөөдрийн үүссэн нөхцөл байдлыг эртнээс төлөвлөж хийсэн байх магадлалтай. Иймд бид мөн адил алсын бодлоготой ажиллаж, тэдгээр зөвлөх үйлчилгээний компаниудтай нэг удаагийн түр зуурын хэлэлцээр бус, нэлээд урт удаан хугацаанд тууштай бодлоготойгоор хамтран ажиллах хэрэгтэй гэлээ.
УИХ-ын гишүүн, бүлгийн дарга Д.Ганбат “Сайн муу хэлэгдээд байдаг нөхдүүдийн хийсэн далд уурхайн төсөлд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт, санхүүжилт нэгэнт хийгдчихсэн болохоор, мөн зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр урьд өмнө байгаагүй өндөр ханштай байгаа болохоор Рио Тинто компани Оюутолгой төслөөс одоохондоо шууд гарч чадахгүй байгаа. Энэ бол гэрээгээ сайжруулах маш сайхан боломж шүү” гээд энэхүү “таатай” гэмээр нөхцөл байдлыг үр дүнтэй ашиглахыг ажлын хэсэгт зөвлөлөө.
УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хувьд Оюутолгойн асуудлыг УИХ-ын гишүүнийхээ хувьд судлаад, яг ямар заалт дээр ямар санал дэвшүүлбэл зүйтэй вэ гэдгээ ажлын хэсэгт бичгээр өгчихсөн байгаа юм байна. Мөн тэрээр бүлгийн хуралд ирж мэдээлэл хийсэн ЗГ-ын ажлын хэсгийнхэнд хандан “Та нар Оюутолгойн асуудлаар улс төржихгүй гэж байгаа бол улс төржихгүй л ажилламаар байна. Хамтарсан засаг байгуулаад, бүх л гэрээ хэлэлцээрт тухайн үеийн МАН-ын сайдууд илүү эрх, үүрэгтэйгээр оролцож байсан хэрнээ нийгэмд болохоор ерөөсөө л Ардчилсан намынхан энэ гэрээг баллачихсан юм шиг сурталддагаа больмоор байна” гэлээ. Нөгөө талаар Оюутолгойн гэрээн дээр ажиллаж байсан үе үеийн Засгийн газруудын тухайн гэрээг хийж байх үеийн нөхцөл байдлыг харгалзаж үзэж байх хэрэгтэйг онцоллоо. Тухайлбал Дубайн гэрээг байгуулж байх үед дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ огцом унасан, эдийн засаг маш хүнд нөхцөлд байсан. Улс орон мөнгөгүй, өнөөдрийнх шиг зэсийн үнэ тэнгэрт хадчихаагүй, хэлэлцээрт оролцогч талдаа тулган шаардалт хийх ямар ч боломжгүй үе байсан. Ийм үед далд уурхайг ямар ч байсан эхлүүлчихье гэж зорьсон нь өнөөдөр эдийн засагт үр өгөөжөө өгсөн шүү гэдгийг онцлон санууллаа. “Энэ бүхнийг ажлын хэсэг ялгаж салгаж ярьж баймаар байна, хамгийн гол нь хамтраад, энэ гэрээгээ ард түмэндээ ашигтайгаар өөрчлөхийн төлөө явъя” гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Бейсен “Зэсийн баяжмалтай хамт гарч ирж байгаа ашигт малтмалын тооцоог маш сайн хянаж байх хэрэгтэй. Дэд бүтэц ч баригдахгүй, бүтээн байгуулалт ч олигтой хийхгүй байсаар ухаад дуусчих вий гэж ард түмний санаа зовж байгаа шүү” гэдгийг ажлын хэсэгт анхаарууллаа.
Төгсгөлд нь бүлгийн дарга Д.Ганбат ажлын хэсэгт хандан “Та нөхдүүдийн Пи-Ар сурталчилгаа бол дэндүү сайн байгаа. Ард түмний хүлээлт их өндөр байгаа шүү” гээд энэхүү хүлээлтэнд хүрч ажиллахыг хүслээ.
УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар мөн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхтэй холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлгээс завсарлага авах саналыг хэлэлцэж шийдлээ. Бүлгийн зүгээс 2022 оны улсын нэгдсэн төсвийн төслийг маш их алдагдалтай, аж ахуйн нэгжүүдэд татварын өндөр дарамт үүсгэсэн, эдийн засгийг тэлэх бодлого бариагүй, үрэлгэн, өр нэмэгдүүлсэн, хамгийн гол нь АН-ын олонхи байхдаа санаачилан батлуулж 2030 он хүртэл гар хүрэхгүй байхаар хуульчилсан Ирээдүй өв санд “гар дүрэх” төсөв болжээ гэж үзэж хуулийн төслийн 3 дахь хэлэлцүүлгээс завсарлага авах саналыг дэмжлээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа завсарлага авах саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, татвар нэмэхдээ дандаа ажил олгогчдын нуруун дээр ачаа үүрүүлэхээр төлөвлөсөн байгааг буруутгалаа. “Уг нь ковидын дэглэмийн дараа бизнесээ сэргээхийн тулд татварыг бараг буурах байх гэж үзтэл ЗГ эсрэгээрээ маш өндөр татварууд төвлөрүүлэхээр оруулж ирсэнийг хүлээн зөвшөөрөхөд бэрх байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Ганибалын хувьд төсвийн хэлэлцүүлэг нэгэнт гуравдугаар шатандаа орж байгаа үед завсарлага авах нь үр дүнд хүрэхгүй, иймд завсарлага авах шаардлагатай эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн юм.
Завсарлага авах асуудлыг бүлгийн хуралд оруулж ирсний хувьд Д.Ганбат дарга үүнд хариу тайлбар хэлэхдээ “Хуулиар бол хоёрдугаар хэлэлцүүлэг дээр бүлэг дүгнэлтээ танилцуулдаг, түүнийгээ бид хийсэн. Гэвч дүгнэлттэй холбоотойгоор ЗГ-аас ямар нэг алхам хийхгүй байна. Тэгэхээр бид энэ удаагийн төсвийн төсөлд байгаа болохгүй зүйлсийг хэлж, хүлээн зөвшөөрөхгүй асуудлуудаа хэлж илэрхийлэх нь зөв. Ядаж олон нийт төсвийн төслийн алдаатай хуудуутай асуудлуудыг Ардчилсан намын бүлэг ямар ч байсан хэлж ярьж, хууль бус асуудлуудаа засч залруулах шаардлага тавьж ирснийг мэдэх ёстой” гэлээ.
Бүлгийн хурлын төгсгөлд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс кроновируст халдвар /Ковид-19/ цар тахлын үед дэд бүтцийн бүтээн байгуулалт, экспорт, импорт болон хил гааль, тээврийн асуудлаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэх зөвлөмжийн төслийг авч хэлэлцээд, зарим нэг асуудлыг нэмж судласны үндсэн дээр засч сайжруулан, ойрын үед Засгийн газарт хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.