Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны өргөтгөсөн хурал боллоо. Хурлаар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн юм. Хуралдааны эхэнд нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг танилцууллаа.
Уг төлөвлөгөөний төсөлд төрийн байгууллагын албан хаагчид, эрдэмтэн судлаачид, иргэдээс санал авсан байна. Төсөлд 32.000 гаруй иргэн саналаа ирүүлсэн бөгөөд гэр хорооллыг үе шаттай инженерийн шугам сүлжээнд холбох, барилгажуулах, цэцэрлэг, сургууль, эрүүл мэнд, соёл, спортын хүртээмжийг нэмэгдүүлэх, авто зам, дугуйн зам, авто машины зогсоолыг нэмэгдүүлэх, хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог нэвтрүүлэх, орон сууцны хамрагдалтыг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, хотын төвлөрлийг сааруулах, инженерийн дэд бүтцийг нэмэгдүүлэх зэрэг саналууд ирсэн байна.
Хурлын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны өргөтгөсөн хурлаар уг төлөвлөгөөг нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн юм.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ