Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 10-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Коронавируст халдварын тохиолдол өмнөх долоо хоногтой харьцуулахад 8987 тохиолдлоор буурчээ. Дархлаа сэргээх нэмэлт тунгийн вакцинжуулалт нэмэгдэж байна. Өдөрт 1000-1500 хүн нэмэлт тунд хамрагдаж байсан бол сүүлийн өдрүүдэд өдөрт 8-10 мянган хүн хамрагдаж байна.
“Айвико” тарилгын эмийн үйлдвэрийн дуслын шингэнийг савлах 1,2 сая уут, сав баглааг БНХАУ-ын тусгай үүргийн онгоцоор 2021 оны арваннэгдүгээр сарын 5-нд татан авсан. Мөн энэ сарын 8-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн нислэгээр эм, зүү тариурын бэлдэц, тарилгын шингэн зэрэг яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслүүд тээвэрлэн авчирчээ.
Энэ сарын 1-9-нд төмөр замын Сүхбаатар боомтоор нийт 12 вагон хүнсний ногоо, ургамлын тос, 63 чингэлэг, 23 вагон бусад хүнсний ачаа, Замын-Үүд боомтоор долоон вагон нарийн ногоо, 94 чингэлэг, 36 вагон хүнсний ачаа хүлээн авсан байна.
Хятадын төмөр замд таван вагон нарийн ногоо, 17 вагон хүнсний ачаа татан авахаар ачуулсан талаар Шадар сайд танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан коронавируст халдвар болон эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн хомсдол, тасалдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх зорилгоор эм, эмнэлгийн хэрэгслийн дотоодын үйлдвэрүүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулах зэргээр санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлэх талаар судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Эрүүл мэнд, Сангийн сайд нарт даалгалаа.