Цаг үеийн мэдээ

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 41 дүгээр чуулган 2021 оны 11 дүгээр сарын 09-27-ны өдрүүдэд Франц улсын Парис хотноо болж байна.

ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 41 дүгээр чуулганд Монгол Улсыг төлөөлөн Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Энэ удаагийн ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 41 дүгээр чуулганаар тус байгууллагын 2022-2025 оны төсөв, хөтөлбөр, 2022-2029 оны Дунд хугацааны стратеги, нээлттэй шинжлэх ухааны зөвлөмж зэрэг бодлогын баримт бичгүүдийг батлах бөгөөд Дэлхийн өвийн хороо, Мэдээлэл, харилцааны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөл, Статистикийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгууль явагдах юм.

Өнөөдөр ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 41 дүгээр чуулганы Бодлогын ерөнхий хэлэлцүүлэг болсон бөгөөд Монгол Улсын төлөөлөгчдийн тэргүүн Соёлын сайд Ч.Номин ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улс, ЮНЕСКО-ийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэн танилцууллаа.

Мөн Монгол Улсын Засгийн газраас боловсрол, соёл, шинжлэх ухаан, харилцаа болон мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гарч буй ахиц дэвшил, цаашдын зорилтыг танилцуулж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилтууд, ЮНЕСКО-ийн 2022-2029 оны дунд хугацааны стратеги болон 2022-2025 оны төсөв, хөтөлбөрийг боловсруулахад Монгол Улс идэвхтэй оролцож ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцод оролцогч улсуудын Ерөнхий ассамблейн 23 дугаар чуулганаар Дэлхийн өвийн Засгийн газар хоорондын хорооны 2021-2025 оны гишүүдийн сонгуульд анх удаагаа нэрээ дэвшүүлснийг онцлон, Монгол Улс олон улс болон үндэсний хэмжээнд тус конвенцын хэрэгжилтэд хувь нэмрээ оруулж, дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн газар нутгуудыг хадгалан хамгаалах, менежментийг сайжруулах, боловсон хүчнийг бэхжүүлэх чиглэлд анхааран ажиллахаа дахин нотлов.

Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин тэргүүтэй төлөөлөгчид чуулганы хүрээнд зохион байгуулагдах бусад хурал, хэлэлцүүлэгт оролцож, гишүүн улсуудын төлөөлөгчдийн тэргүүн нартай хоёр талт болон олон талт уулзалтуудыг хийхийн зэрэгцээ Улаанбаатар хотод төвтэй ЮНЕСКО-ийн 2 дугаар зэрэглэлийн хүрээлэн болох “Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн”-ийн оролцогч талуудын Ерөнхий ассамблейд оролцох юм.

 

 

Таны сурталчилгаа