Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.11.12) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.
Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалангаас тавьсан Говь-Алтай аймгийн Тахийн тал дахь говийн их дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргааг нүүлгэн шилжүүлсэн талаарх асуулгын хариуг сонслоо.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан энэ талаар мэдээлэл хийв. 1975 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 84 дүгээр зарлиг, 1995 оны УИХ-ын 26 дугаар тогтоолоор 927109.9 га талбай бүхий Говийн их дархан цаазат газрын Б хэсгийг улсын тусгай хамгаалалтад авсныг салбарын сайд мэдээлэлдээ онцлоод Байгаль орчны сайдын 1990 оны 98 дугаар тушаалаар Говь-Алтай аймгийн Бугат сумын Биж багт “Тахь үржүүлэх хэсэг”, Байгаль орчны сайдын 1996 оны 02 дугаар тушаалаар “Тахь нутагшуулах эрдэм шинжилгээний туршилтын төв”, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 75 дугаар тушаалаар Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргааг байгуулж, Говийн их дархан цаазат газрын Б хэсэг , Алаг хайрхан уулын байгалийн нөөц газар, Шаргын байгалийн нөөц газруудыг хариуцуулан ажиллаж байна гэж байлаа.
Мөн тэрбээр мэдээлэлдээ, “Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 41 дүгээр тогтоолоор говийн их дархан цаазат газрын Б хэсгийн нутаг дэвсгэрт ирвэс, тахь зэрэг нэн ховор амьтан, аргаль, янгир, хулан, хар сүүлтий зээр зэрэг ховор амьтад тогтвортой байрших, шилжилт хөдөлгөөн хийх, ашигт малтмалын үйл ажиллагаанаас хамгаалах зэрэг үндэслэлээр 911 мянган га талбайгаар өргөтгөж, нийт талбайн хэмжээ 1.8 сая га болсныг дурдав.
Өнөөдрийн байдлаар тус дархан цаазат газарт 350 тоо толгой тахь сэргээн нутагшиж, 13000 орчим хар сүүлтий зээр, 9000 орчим хулан зэрэг ховор амьтад тогтвортой байршиж байна. Үүнтэй холбогдуулан дархан цаазат газарт хамгааллыг оновчтой, түргэн шуурхай хэрэгжүүлэх нөхцөлийг хангах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/45 дугаар тушаалаар зөвхөн Хамгаалалтын захиргааны нэрийг “Зүүнгарын говийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа” болгон өөрчилж, байршлыг Ховд аймгийн Алтай суманд шилжүүлэхээр шийдвэрлэсэн гэдгийг Н.Уртнасан сайд мэдээлэлдээ онцолсон.
Говийн их дархан цаазат газрын А, Б хэсгийн хамгаалалтын захиргааг олон нийт маш их андуурдаг бөгөөд мазаалай, хавтгай, тахь аль хэсэгт амьдардаг талаар байнга төөрөлдөх зэрэг асуудал гардаг тул Хамгаалалтын захиргааны нэрийг холбогдох мэргэжлийн байгууллагын саналуудыг үндэслэн Зүүнгарын говийн дархан цаазат газар болгон өөрчилснийг салбарын сайд танилцуулгадаа дурдахын зэрэгцээ хамгаалалтын захиргаа нь Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн талаас тус дархан цаазат газрын баруун хэсэг буюу Ховд аймгийн Булган суманд хүрч ажиллаж чадахгүй байгаатай холбоотойгоор хууль бус зөрчлүүд гарч, хяналт шалгалтын ажлыг илүү өртөг зардалтайгаар хэрэгжүүлж байгааг мэдэгдлээ.
Төрийн сан, шуудан, банкны үйлчилгээг Бугат сумаас авахад өнгөрсөн хугацаанд илүү шатахуун зарцуулдаг. Хамгаалалтын захиргааны дарга Төрийн сангийн үйлчилгээг Тахийн талруу шилжүүлэх талаар Сангийн яаманд хандсан боловч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу авсан.
Тус дархан цаазат газрын 65 хувь нь Ховд аймаг, 35 хувь нь Говь-Алтай аймагт тус тус харьяалагддаг ба дархан цаазат газар нутгийн 40 хувь нь Ховд аймгийн Алтай сум, 25 хувь нь Говь-Алтай аймгийн Бугат суманд хамаардаг тул Алтай сумаас хяналт шалгалтын ажлыг шуурхай хүргэх боломжтойгоос гадна өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаа шинжилгээний ажлаар хулан, хар сүүлтий зээр хамгийн эрсдэлтэй өвлийн хугацаанд Ховдын нутагт өвөлждөг нь тогтоогдсон тул тухайн амьтдын хамгаалалтыг эрс сайжруулах бүрэн боломж нээгдэж байна гэж тооцоолсон.
Өнөөдөр албан хаагчдын хүүхдүүд Тахийн талын бага сургуульд 1-5 дугаар анги, Бугат сумын дунд сургуульд 6-9 дүгээр анги, Төгрөг, Есөнбулаг сумдын сургуульд 10-12 дугаар ангидаа суралцаж гурван шатны сургууль дамжин суралцаж байна. Тиймээс Ховдын Алтай суманд хамгаалалтын захиргааг байршуулснаар албан хаагчдын хүүхдүүд нэг сургууль, нэг ангид суралцан ерөнхий боловсрол эзэмших боломж бүрдэнэ гэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд мэдээлэлдээ онцлов.
Түүнчлэн тэрбээр, Олон улсын тахь групп төрийн бус байгууллага 1999 онд байгуулагдаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай 2001-2021 хүртэл хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд Тахийн талд 225 м талбайтай, нэг давхар тоосгон барилгыг 2005 онд ашиглалтанд оруулан 2019 онд цэвэр усны шугамд холбон 10 кВаттын нарны эрчим хүчний станц суурилуулсан. Хамгаалалтын захиргааны албан хаагчдыг чадавхжуулах, техник тоног төхөөрөмжөөр хангах ажилд нийт 778 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна.
Ховд аймгийн Алтай суманд хамгаалалтын захиргааг шилжүүлснээс хойш одоогийн орон тоон дээр нэг мэргэжилтэн, 2 үйлчилгээний ажилтан нэмж ажиллуулахаар төлөвлөсөн. Тахийн талд Говь-Алтай аймгийг хариуцсан хамгаалалтын хэсэг, тахь нутагшуулах, судалгаа шинжилгээний төв байгуулж 2 мэргэжилтэн, 10 байгаль хамгаалагч, 2 үйлчилгээний ажилтан тогтмол ажиллуулна.
Ховд аймгийн Алтай суманд 1 га газарт хамгаалалтын захиргааны Сургалт сурталчилгаа-мэдээллийн төвийн нийт 825 м талбайтай барилгын зураг төслийг Олон улсын тахь групп нийгэмлэгийн санхүүжүүлтээр боловсруулан батлуулж, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь төслийн хүрээнд 2022 онд барьж байгуулахаар төсвийг бүрэн шийдвэрлэсэн талаараа дурдлаа.
Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Б.Пүрэвдорж, С.Бямбацогт, Ш.Адьшаа нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс Бугат суманд амьдарч байгаа ард иргэд, алба хаагчдаас хамгаалалтын захиргааг нүүлгэн шилжүүлэх санал авсан эсэх тус захиргааг нүүлгэн шилжүүлсний цаана тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малтмал, бусад лицензтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх зорилго агуулагдсан талаар илүүтэй тодруулж лавласан.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан хариултдаа, Хамгаалалтын захиргааг нүүлгэн шилжүүлэх асуудал нь 2021 оны 01 дүгээр сараас биш сүүлийн 10 жилийн хугацаанд буюу тусгай хамгаалалттай газрыг 911 га талбайгаар өргөтгөснөөс хойш яригдсан. Хамгаалалтын захиргааг хаана байрлуулбал оновчтой шийдэл болох талаар олон санал, асуулга явуулахад тус захиргаанд ажиллаж байгаа байгаль хамгаалагчдын 80 хувь нь хамгаалалтын захиргааг нүүлгэн шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн талаарх хурлын тэмдэглэлээ ирүүлсэн гэв. Мөн Бугат суман дахь нэгжид найман байгаль хамгаалагч, хоёр албан хаагч үлдэж, хамгаалалтын захиргааны нэгж хэсгийн үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ гэдгийг нэмж тодотголоо. Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малмтал эрэх, хайх зэрэг бүх үйл ажиллагааг хориглосон байдаг. Иймд Тахийн тал говийн их дархан цаазтай газрын Б хэсэгт ямар нэг байдлаар аж ахуйн нэгжүүд ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдгийг салбарын сайд хариултдаа онцолж байлаа.
Үргэлжлүүлэн асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Улсын Их Хурал шийдвэр гаргахдаа дархан цаазат газрын хилийн хэмжээг нэмснээс бус хамгаалалтын захиргааг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргаагүй гэдгийг онцлон тэмдэглэлээ. Мөн хамгаалалтын захиргаанаас найман хүнийг үлдээгээд 34 байгаль хамгаалагчийг шилжүүлсэн шийдвэрийг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр, 1991 оноос хөрөнгө, хүч зарцуулсан Тахийн нуруу хэмээн тахиар нэрлэгдсэн маш ховор амьтад байдаг энэ газар нутгийн хамгаалалтыг сулруулж байгаад бухимдалтай байгаагаа илэрхийлэв.