Цаг үеийн мэдээ

Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Ш.Адьшаа, С.Амарсайхан, Э.Бат-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Д.Ганбат, Г.Ганболд, Ц.Даваасүрэн, Б.Жаргалмаа, Л.Мөнхбаатар, Ц.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Б.Саранчимэг, Д.Тогтохсүрэн, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн, Б.Энх-Амгалан нар  Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барисан.

Хуулийн зорилт нь автомашин эзэмшигчдийг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн юм.

УИХ дахь МАН-ын бүлэг /2021.11.15/ хуралдаж, уг асуудлыг хэлэлцэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн : "УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нарын санаачилсан, Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд талцах асуудал гарсан учраас бүлгийн хурлаараа хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрэх нь зүйтэй гэж үзэн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаас завсарлага авсан. 

Тус хуулийн төсөл нь хоёр чиглэлээс бүрдэж байгаа гэж бид ойлгож байна. Нэгдүгээрт, жолоочийн хариуцлагын даатгалын санг төрд авахтай холбоотой асуудал. Хоёрдугаарт, дээрхи сангаас хохирогчдод төлөх нөхөн төлбөрийг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудал байгаа. Энэ асуудлыг МАН бүлгийн хуралдаанаараа хэлэлцээд гишүүдийн олонхи нь Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонх нь дэмжих боломжгүй гэж үзлээ. Дэмжихгүй байгаагийн үндсэн шалтгаан нь нэгэнт энэ хууль хэрэгжээд 10 гаруй жил болж байна. Тодорхой хэмжээнд нийгэмд үр дүнгээ өгч байгаа гэж үзсэн. Иймээс хувийн хэвшлийн хийж байгаа ажлыг төрд авах хэлбэрээр асуудалд хандаж болохгүй гэж МАН-ын бүлэг хэлэлцлээ” хэмээн мэдээлж байв. 

Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өөрийн цахим хуудастаа: "Жолоочийн хариуцлагын даатгалыг төрд авах гэж байна гэсэн даатгалынхны төлбөртэй худал мэдээллийг албан болон албан бус аргаар хангалттай цацлаа. Ашгийн төлөө бус, ТӨРИЙН ОРОЛЦООГҮЙ, нийтийн эрх зүйн хуулийн этгээд байгуулна гэж хуулийн төсөл дээр тов тодорхой байгаа. Энэ нь сангийн хэлбэрээр байгуулагдана гэж маш тодорхой томъёологдсон.  

ИРГЭНИЙ ХУУЛЬ:

33.2.Ашгийн төлөө бус хуулийн этгээдийг холбоо, сан, хоршооны хэлбэрээр байгуулна.

36.2.Нэг буюу хэд хэдэн үүсгэн байгуулагч нийгэмд ашиг тустай, нэгдмэл зорилгод хүрэхийн тулд эд хөрөнгө төвлөрүүлэх замаар байгуулсан гишүүнчлэлгүй хуулийн этгээдийг сан гэнэ. 

Тухайн сангийн удирдах бүрэлдэхүүнийг хэрхэн жолооч нарын нийтийн оролцоо, хяналттай, зөв менежменттэй болгохыг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад сайжруулан боловсруулах боломжтой юм.

Хуулийн төслийн хэлэлцэх эсэх УИХ-ын нэгдсэн чуулган дээр дэмжигдвэл олон талын мэргэжлийн хүмүүс, олон нийтийн оролцоотой Ажлын хэсэг байгуулагдаж, хуулийн төслийг сайжруулан боловсронгуй болгох боломжтой болох юм.

Төр хувийн хэвшлийг булаах гэсэн юм биш, төр цуглуулж өгсөн албан журмын "татвар"-аа жолооч нарт үр өгөөжтэй байх зохицуулалтыг хийх гэсэн НИЙТИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨХ хуулийн төсөл юм. 

УИХ-ын гишүүд "Ард түмний элчийн хувьд нийт иргэний эрх ашгийн төлөө гишүүний үүргээ чин шударгаар биелүүлнэ" гэж тангараг өргөсөн. 5 компанийн ашгийн төлөө ажиллана гэж тангараг өргөөгүй" хэмээн нийтэлжээ. 

Таны сурталчилгаа