Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 17-нд болж, аймаг, нийслэлийн Засаг дарга нар оролцлоо.
Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолыг баталж, хэрэгжилтийг шуурхай хангахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Энэхүү тогтоолын хэрэгжилтийн явцыг хагас жил тутам нэгтгэж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад үүрэг болгов.Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуралдааны үеэр,
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76-р чуулганаар “Тэрбумаар тоологдох мод ургуулах” санаачилгыг дэвшүүлсэн. Энэ бол зөвхөн эх орныхоо цөлжилт, газрын доройтол, ой мод, ойн сан, усны эх үүсвэр, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах төдийгүй уур амьсгалын нөлөөллийг бууруулж, эх дэлхийнхээ насыг уртасгах хүн төрөлхтний үйлсэд Монголчууд та бидний оруулж хувь нэмэр.
Хүлэмжийн хийг бууруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга бол ойжуулалт. Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн бол ойг нөхөн сэргээх, ойжуулалтын үр дүн, чанарыг сайжруулах эрх зүйн орчин бүрдүүлэх, ойн шавжтай тэмцэх, түймрээс сэргийлэх, ойн хомсдол, доройтлыг бууруулах, арчилгаа, цэвэрлэгээг эрчимжүүлэх, элсний нүүдлээс хамгаалах зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу үйлдлийн үндсэн бөгөөд цогц шийдлүүдийн нэг юм.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулганаар батлагдсан Тогтвортой хөгжилд хүрэх 17 зорилгын нэг нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах юм. Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа – 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын үндсэн есөн зорилтын нэг мөн Ногоон хөгжил. Монгол Улс цаг алдалгүй эдийн засгийн олон тулгуурт бодлого, ногоон хөгжлийн загварт шилжих нь хөгжлийн ирээдүйн баталгаа юм гэж хэллээ.
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд ахлаж, энэ чиглэлийн ажлын уялдаа холбоо, хэрэгжилтийг эрчимжүүлж, тэрбум мод ургуулах санаачилгыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Засгийн газар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хариуцан зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах “Ойн судалгаа, хөгжлийн агентлаг” байгуулна. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарын ажлыг дүгнэх журамд мод ургуулах, арчлах, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх шинэлэг технологи нэвтрүүлэх замаар экологийн тэнцвэрийг хангах чиглэлд иргэд, аж ахуйн нэгжийн санаачилгыг дэмжих зэрэг үзүүлэлтийг нэмсэн гэдгийг Ерөнхий сайд онцлоод хөгжлийг хязгаарлаж буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд Засаг дарга нар манлайлан оролцохыг уриаллаа. Монгол Улсын Засгийн газар хөгжлийн стратеги зорилго, үйл ажиллагаандаа ногоон шийдлүүдийг эрхэмлэсэн техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэхийн төлөө улс төрийн манлайлал үзүүлж ажиллана гэлээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар