Монгол Улс ардчилсан зарчмаар сонгогдсон засгийн газартай, олон намын тогтолцоотой парламентын ардчилсан улс. 1961 онд НҮБ-д гишүүнээр элсч “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг бүрэн хүлээн зөвшөөрч, улмаар “Иргэний болон улс төрийн эрхийн тухай”, “Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай” олон улсын Пакт зэрэг хүний эрхийн талаарх НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудын олон улсын гэрээнүүдэд нэгдэн орж, хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх үйлсэд зохих амжилтуудыг олсон.
Монгол Ардын нам шат шатны сонгуулиудад оролцсон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үүднээс Монгол улсад хэрэгжиж буй хууль тогтоомжуудад хүний эрхийн дүн шинжилгээ хийх “Хүний эрхийн нөхцөл байдал – тулгамдсан асуудал – шийдвэрлэх арга зам” сэдэвт суурь судалгааг таван сарын хугацаанд хийлгэлээ. Уг суурь судалгааг хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн хуульч, судлаачдын 30 орчим хүнтэй баг хийж гүйцэтгэв. Монгол улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа, Үндсэн хуулиар олгосон иргэдийн эрх, эрх чөлөөний хэрэгжилт бодит амьдрал дээр ямар байгааг энэхүү суурь судалгаагаар авч үзсэн юм.
Судалгааны дүгнэлтийг танилцуулж, хуульчдын саналыг сонсох “Хүний эрх ба хуульчдын оролцоо” бодлогын хэлэлцүүлгээр хүний эрхэд суурилсан эрх зүйн шинэтгэлийг эхлүүлэх ажил эхэллээ.
Хууль зүйн үндэсний хүрээлэнд болсон /2021.11.22/ уг арга хэмжээнд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар болон хууль зүйн салбарын хуульч, өмгөөлөгч, судлаачид нийлсэн 100 гаруй төлөөлөл оролцов.
Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ “Хүний эрхийг хамгаалж дээдэлдэг, хуулийн дор эрх тэгш амьдардаг нийгмийн төлөө эрх баригч намын хувьд илүү санаачлагатай ажиллана. Ижил тэнцүү гараанаас гарсан бусад улсуудтай харьцуулахад бид харицангүй илүү амжилттай яваа мэт боловч яг хүний эрхийг дээдэлсэн, хамгаалсан хөгжсөн нийгэм болж уу гэвэл бас хангалтгүй байна. Ялангуяа хууль эрх зүйн орчинд хүний эрхийг хамгаалах чиглэлээр тусгагдаагүй зүйлс олон байна. Энэ санаачилга нь эрх барьж буй улс төрийн нам санаачлан эхлүүлэх гэж буй анхны тохиолдол юм. Ингэснээр хүний эрхийг хамгаалж, дээдэлдэг, хуулийн дор ижил тэгш эрхтэй амьдардаг нийгмийг бүтээнэ. Энэ ажил хий хоосон уриа лоозонгийн төдий болох учиргүй. Тийм ч учир МАН хүний эрхийн төлөв байдалд иж бүрэн дүн шинжилгээ хийх ажлыг эхлүүлсэн. Монгол улсын хүний эрхийн өнөөгийн төлөв байдлыг үнэлэх ерөнхий судалгаа, иргэдийн хүний эрхийн талаарх ойлголт хандлагыг тодорхойлох социологийн судалгаа, хүчин төгөлдөр үйлчилж буй 330 хуульд хүний эрхийн асуудлыг хэрхэн тусгасан талаар нарийвчилсан судалгаа хийж, 2003 онд баталсан Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ, дүгнэлтийг хийх ажлуудыг Монголын шилдэг хүний эрхийн хуульчид, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж байна” гэлээ.
Хэлэлцүүлэгт Монгол Ардын Намын дэргэдэх “Стратеги академи” иргэдийн дунд хүний эрхийн тухай ойлголт хандлагыг үнэлэх судалгааг анх удаа хийснээ танилцуулсан бол хуульч О.Мөнхсайхан, ОТИС-ийн багш, судлаач Р.Очирбат нар “Монгол Улсын хүний эрхийн төлөв байдал, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд хийсэн судалгаагаа танилцууллаа. Энэхүү судалгааг хүний эрхийн чиглэлээр өмнө нь хийгдсэн нийт 150 гаруй судалгаануудтай эмхтгэсэн бөгөөд өнөөгийн нөхцөлд хүний эрхийн чиглэлээр тулгамдаж буй асуудлуудыг гаргаж ирсэн байна.
Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 800 орчим хууль бий. Үүнээс тухайлан зохицуулдаг, хэрэглэдэг 318 хууль үйлчилж байна. Эдгээр хуулиудын нийт 11 900 орчим заалтыг, заалт нэг бүрчлэн хүний эрхэд нийцэж байгаа эсэхийг Монгол улсын тэргүүлэх судлаачид баг болж судлан, дүн шинжилгээ хийснээ мөн танилцуулав.
“Хүний эрх ба хуульчдын оролцоо” бодлогын хэлэлцүүлгийн үеэр хуульч, судлаачдын зүгээс олон санал, санаачлагууд гарлаа. Эдгээр саналууд хүний эрхэд суурилсан эрх зүйн шинэтгэл хийх ажилд тусгагдах юм.
Хүний эрхийг дээдлэх санаачилгыг хэрэгжүүлэхэд ганц нэг намын бус бүх нийтийн оролцоо чухал. Тиймээс Монгол Ардын Нам улс төрийн манлайлал үзүүлж энэхүү зорилгоо хэрэгжүүлэхдээ Монгол улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн бүх шатны байгууллагууд, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудтай өргөн хүрээнд хамтран ажиллана. Хүний эрхийг зөрчсөн аливаа үйлдэл үйл ажиллагааг мэдсэн ч мэдээгүй мэт, харсан ч хараагүй мэт өнгөөрөөх хандлагыг бүрэн хална. Төр нь иргэнийхээ нэр төр алдар хүнд, эрхэм чанарыг хүндэтгэдэг, иргэд нь нийтээрээ хүний эрхийн мэдрэмжтэй, эрхээ зүй зохистойгоор хэрэгжүүлдэг, үүний зэрэгцээ иргэнийхээ үүргээ ухамсарладаг, хүний эрхийн аливаа зөрчлийг цаг алдалгүй үр дүнтэйгээр шийдвэрлэдэг тогтолцоотой болохын төлөө Монгол Ардын Нам бодит ажлуудыг хийж,бодит үр дүнд хүргэнэ.