Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Монголын нийт хүн амын талаас илүү хувь нь төвлөрөн амьдарч байна. Энэ том метрополис хотын дарга болсон хүн мэдлэг боловсрол өндөртэй байхаас хэлсэн үгэндээ эзэн байдаг, хариуцлагатай нэгэн байх учиртай.
Нийслэл хотын дарга Д.Сумъяабазар 2021 оны 11 сарын 18-ны өдөр нийслэлийн нэгэн хуралд оролцохдоо иргэдийн ажил амьдралтай холбоотой мэдэгдэл хийсэн нь иргэдийн дэмжлэгийг авахад хүрэв.
Юуны өмнө түүний хэлсэн үгээс ишлэе.
Хотын дарга Д.Сумъяабазар “Цаашдаа Улаанбаатар хотын иргэд чаддаг нь чаддаг юмаа хийгээд, тэр талхаа хийнэ үү, хуушуураа хийнэ үү, буузаа хийнэ үү, баншаа хийнэ үү, өөр ямар хоол үйлдвэрлэл хиймээр байна бүгдийг нь хийг, энэ соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой шүү дээ угаасаа, тэгээд энэ мэргэжлийн хяналтын газрын балиар баахан стандартыг болиулах хэрэгтэй. Тэгээд л нэг болохгүй бүтэхгүй гэсэн бүгдийн ард дандаа нэг балиар шантааж явна. Төр хувийн хэвшлийн түншлэлээр юм хийх гэхээр дандаа сэтгэлийг нь мохоодоог, гацаадаг, хүний урам зоригийг байхгүй болгодог, энэ бол эргээд хяналт тавих нэрээр хөдөлмөр хийх гэж байгаа хүнийг мохоож байгаа, боломж бололцоог нь олгохгүй, ийм л болгож байгаа ерөөсөө. Дэлхийн бүх том хотуудад гудамжны хоол үйлдвэрлэлийн соёл байдаг... Одоо хэдүүлээ 2022 оны 1 сарын 1-ээс ихэнх юмыг чөлөөтэй явуулна шүү... Цаашдаа улаан цагаан хүн хордуулчихгүй бол, тэсэрч дэлбэрэх аюултай зүйл байхгүй л бол тэрнийг нь явуулах хэрэгтэй” гэлээ.
Хэдийгээр Хотын даргын дээрх үг иргэд, олон нийтэд таалагдсан боловч түүний энэ үг хэрэгжихгүй бол иргэдэд таалагдах гэсэн ПОПРОЛ, хэрэгжлээ гэхэд иргэдийг эрсдэлд хүргэх ШИЙДВЭР гэж үзэх хэд хэдэн үндэслэл байгааг дугаарлан дурдъя.
Нэгдүгээрт: Дэлхийн олон оронд гудамжны хоол байдаг нь үнэн ч манайд ийм соёлыг шууд нэвтрүүлэхэд байгаль цаг уурын болон орчны сөрөг нөлөөлөл өндөртэй. Товчхондоо зундаа +35 хэм халуун, өвөлдөө -35 хэм хүйтэн, дээр нь хавар намрын салхи шуургыг тооцвол яаж гудамжны хоол хийж соёл болтол нь түгээж зарах вэ? Халуунд амархан муудаж, хүйтэнд тас хөлдөнө. Дээр нь төв Азийн тэгш өндөрлөг газар оршдог Улаанбаатар хотод салхи салхилахад шороо тоос бужигнаж гудамжинд чөлөөтэй хооллох нөхцөл бараг байхгүйтэй адил.
Хоёрдугаарт: Улаанбаатар хот зун болохоор явган хүний замаа эвдэж, газар доорх дулааны шугам хоолой солих нэрээр олон газрыг сэндийлдэг, тэр нь бороо орохоор усаар дүүрч, хаа сайгүй шавар шавхай болдог. Ийм нөхцөлд нэг хэсэг нь гудамжинд санаа амар хоолоо “үйлдвэрлээд”, нөгөө сууж идэж байх уу.
Гуравдугаарт: Мэргэжлийн хяналтын байцаагч нарын талаар та арай л хэтрүүлэн ярьсан ч үнэний ортой. Гэхдээ тэд гудамж талбайд хяналт тавихгүй бол малын мах магнаг болсон үед нохойн махаарч хуушуур буузаа хийгээд гудамжинд сугаад маниустаа зарчихаж мэдэх ч улс олон бий.
Дөрөвдүгээрт: Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн байгууллага бүгд хуулиар хүлээсэн төрийн нэрийн өмнөөс хяналтын үүрэг хүлээж ажилладаг төрийн албан хаагчид. Тэд дуртайдаа иргэдийг очиж хянаж шалгадаггүй. Магадгүй муудсан махаар, эсвэл малын гаралтай бус махаар, эсвэл бохир орчинд хоол үйлдвэрлэснээс болж иргэдийн дунд халдварт өвчин тархаж, олон хүний эрүүл мэнд, амь насанд аюул эрсдэл учирвал Хотын дарга та гудамжинд хоол зарж болно гэснээрээ хариуцлага хүлээх үү?
Тавдугаарт: Таны жишиж харьцуулаад байгаа газар нэгдүгээрт ариун цэвэр, халдвар хамгааллын өндөр дэглэмийг сахиж хоол үйлдвэрлэл явуулдаг, нөгөөтэйгүүр хяналт шалгалтын байгууллагын стандарт нөхцөл шаардлагын дор иргэдэд үйлчилгээ үзүүлдэг. Гэтэл та хяналт шалгалтын байгууллага ч шаардлагагүй, зах зээлийн зарчмын дагуу шахагдах нь шахагдаад арилах хүртэл зөвшөөрөх хэрэгтэй гэж байна. Үүний цаана нийслэлчүүд ямар эрсдэлд орж болохыг Хотын дарга та ингэж ярихынхаа өмнө бодож үзсэн болов уу?
Зургадугаарт: Төрийн төлөөлөл болж Хот гэдэг их айлыг удирдаж байгаа хүн төрийн мэргэжлийн байгууллагыг, түүнд ажиллаж байгаа олон арван /мэдээж тэдэн дунд ганц нэг муу албан хаагч байхыг үгүйсгэхгүй/ шударга төрийн албан хаагчдыг БАЛИАР БААХАН СТАНДАРТ, ШАНТААЖЛАГЧ гэх мэтээр үг хэлээрээ доромжлоод сууж байх эрхийг хэн түүнд олгоо вэ?
Иргэдээс оноо, дэмжлэг авахад, ПОПРОХОД учир бий. Хүн бүр, хотын дарга та гэсэн хүний бүрт багтах учраас та бид бүгдээрээ хуулийн дор ажиллаж амьдарна. Хэрвээ төрийн нэрийн өмнөөс хяналт шалгалт хийдэг албан хаагчдын үйлдэл байх ёсгүй гэж үзэж байгаа бол та эхлээд хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа хууль санаачлагчдад гаргаж, эрх зүйн орчиноо тодорхой болгох хэрэгтэй.