Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2021.11.24/ Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барилаа.
УИХ Төрийн бус байгууллагын тухай бие даасан хуулийг 1997 онд баталсан. 24 жилийн хугацаанд нийгмийн өөрчлөлтийг дагаж төрийн бус байгууллагууд сангийн үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, зохион байгуулалтын хэлбэрт ч томоохон өөрчлөлтүүд гарсаар байна. Энэхүү өөрчлөлтийн дагуу ТББ-ын эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх, тусгайлан ТББ-ын хэлбэр тус бүрээр буюу холбоо, сангийн зохицуулалтыг нарийвчлан хийх шаардлага зүй ёсоор тавигдаж байна хэмээн хууль санаачлагчид үзжээ.
Төрийн бус байгууллагын тухай хуулийн зохицуулалт сангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг ерөнхий байдлаар зохицуулсан, нарийвчлан зохицуулаагүй, энэ хуулиар зохицуулах боломжгүйн зэрэгцээ эрх зүйн шинэчлэлээс хоцорч, улмаар зохицуулалтын хувьд бусад хуулиудтай уялдахгүйд хүрсэн байна. Мөн ФАТФ-ын 8 дугаар зөвлөмж, 1 дүгээр шууд хэрэгжилтийн дагуу 2020 оны 3-аас 6 дугаар сарын хооронд хийгдсэн Монгол Улсын ашгийн бус байгууллагын салбарын терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээгээр тэдгээрийн эрсдэл нь 0.46 оноо буюу дунджаас доогуур үнэлэгдсэн байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2018 онд нийт 19260 гаруй ТББ бүртгүүлснээс 366, 2019 онд 21040 бүртгүүлснээс 406 ТББ үйл ажиллагааны тайлангаа ирүүлсэн байдаг. Төрийн бус байгууллагын тухай хуулиар сангаас бусад нь дүрэмдээ заагаагүй бол үйл ажиллагааны тайланг олон нийтэд мэдээлэх үүрэг хүлээдэггүй, зөвхөн тайланг хуульд заасан бүртгэлийн байгууллагад илгээх үүрэг хүлээж байна.
Тогтвортой, үр дүнтэй, хариуцлагатай ТББ-ыг хөгжүүлэх, тэдэнд үзүүлэх олон нийтийн дэмжлэгийг өргөжүүлэхэд ТББ ялангуяа сан нь өөрөө олон нийтэд нээлттэй байх зарчим чухал ч өнөөгийн байдлаар сангийн тайлагнах үүрэг, журмыг хангалттай үр нөлөөтэй байдлаар зохицуулж чадаагүй байна. Иймд Төрийн бус байгууллагын тухай хуулийг Иргэний хуулийн суурь зохицуулалт, нэр томьёонд нийцүүлэн ашгийн төлөө бус хуулийн этгээдийн нэг төрөл болох сангийн зохицуулалтыг тусгайлан нарийвчлан зохицуулахаар Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг батлан уг хуулийн төслийг боловсруулсан байна.
Сангийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар ашгийн төлөө бус хуулийн этгээдийн нэг хэлбэр болох сангийн хэлбэрээр ажиллах нөхцөл бүрдэж, эрх зүйн зохицуулалтын хүрээнд үүсээд байгаа зөрчил, хийдэл арилж, нарийвчилсан зохицуулалттай болно.
Хувийн болон нийтийн сан нь татвар төлөгчөөр татварын байгууллагын бүртгэл, хяналтад орсноор ашгийн төлөө бус байгууллагаар халхавчлан аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдүүдийг илрүүлэх, хууль бус үйл ажиллагаа эрхэлж байгаа санг ялгах, хариуцлага тооцох боломж бүрдэх юм байна.
Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл
Төрийн бус байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нэрийг Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болгон өөрчлөн боловсруулсан байна.
Хуулийн төсөлд холбооны эрх зүйн байдлыг Иргэний хуульд заасан ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төрөлд нийцүүлэн тодорхойлж, иргэд эвлэлдэн нэгдэх эрхээ хуулийн этгээдийн эрхтэй болон эрхгүйгээр хэрэгжүүлэх боломжийг тодруулсан, холбооны санхүүжилтийн тогтвортой байдлыг хангахад анхаарч, аж ахуйн үйл ажиллагаа, нийтэд тустай үйл ажиллагааг төлбөртэй үзүүлэх, орлогыг дүрэмдээ заасан зорилгодоо зарцуулах нөхцөл, журмыг нарийвчлан тодорхойлсон байна.
Мөн төрийн зарим чиг үүргийг холбоогоор гэрээлэн гүйцэтгэх нөхцөлийг үл ялгаварлах, нээлттэй, ил тод байх, хараат бус байдлыг хүндэтгэх, урьдчилсан магадлан итгэмжлэл үүсгэх замаар ашгийн төлөө бус хуулийн этгээдийн өрсөлдөх боломжийг хязгаарлахгүй байх зэрэг нийтлэг зарчимд нийцүүлэн төр, холбооны хамтран ажиллах харилцааг бизнесийн байгууллагаас ялгаатай байдлаар тодорхойлсон зэрэг асуудлуудыг тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар холбоо нь татвар төлөгчөөр татварын байгууллагын бүртгэл, хяналтад орсноор ашгийн төлөө бус байгууллагаар халхавчлан аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдүүдийг илрүүлэх, хууль бус үйл ажиллагаа эрхэлж байгаа холбоог ялган зааглах, хариуцлага тооцох боломж бүрдэнэ.Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөл, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг дэмжих, санхүүжүүлэх санг байгуулан ажиллуулснаар иргэний нийгмийн нийтлэг хөгжлийн асуудлуудаар төртэй харилцах, хамтран ажиллах, түншлэлийн үр дүн нэмэгдэхийн зэрэгцээ тус зөвлөлөөр дамжуулан ашгийн төлөө бус хуулийн этгээдийн чадавхыг бэхжүүлэх, дотоод засаглал, ёс зүйн, хариуцлагыг сайжруулах, олон нийтийн ойлголт дэмжлэгийг нэмэгдүүлэх тогтолцоог бүрдүүлэх зэрэг олон ач холбогдолтой юм байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа.
Ардчилсан Үндсэн хууль буюу 1992 оны Үндсэн хуулийн зорилго, зарчим, агуулгад нийцүүлж 1995 онд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг баталсан. Энэ хууль нь байгаль орчны салбарын суурь хууль юм.
Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан. Энэ өөрчлөлтөөр Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн хоёр дах хэсэгт “...Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй...” гэсэн зохицуулалт орсон. Үүний дагуу Засгийн газар 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “Төлөвлөгөө батлах тухай” 66 дугаар тогтоолын хавсралтаар Үндсэн хуулийн зургадугаар зүйлд орсон дээрх зохицуулалтыг Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд оруулахаар баталсан.Иймд яамны зүгээс дээрх хоёр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг төслийг боловсруулсан байна.
Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл
Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ.
2015 онд баталсан “Үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийг 2020 онд хүчингүй болгосон. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 7.1.7-д ашигт малтмал хайх, газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, боловсруулах үйл ажиллагааг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамруулаагүй. Өөрөөр хэлбэл, хүнд үйлдвэрийн салбар хуулийн зохицуулалтгүй орхигдсон, хүнд үйлдвэрийн салбарт хамрах үйлдвэрлэлийн төрөл, ангилал тодорхойгүй байсан.
Хүнд үйлдвэрийн салбарын гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2020 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 553.4 мян.тн нүүрсэн шахмал түлш, 9.5 мян.тн катодын зэс, 15.3 мян.тн металл бэлдэц, 16.6 мян.тн металл цувимал, 74.3 тн цахилгааны утас, 9.9 мян.тн кокс тус тус үйлдвэрлэсэн байна. Мөн 2020 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 7.1 тэрбум ам.долларын уул уурхайн гаралтай бүтээгдэхүүнийг экспортолсноос 2.0 сая ам.долларын кокс, 59.3 сая ам.долларын катодын зэс экспортолсон нь нийт уул уурхайн гаралтай эрдэс түүхий эдийн экспортын 1.0% орчмыг эзэлж байна.
Экспортын бүтээгдэхүүний 90 орчим хувийг эзэлж буй уул уурхайн бүтээгдэхүүний 95 орчим хувь нь технологийн багтаамжгүй, боловсруулаагүй түүхий эд эзэлж байгаа нь эдийн засгийг хөгжүүлэх ихээхэн боломжийг алдаж байгааг илэрхийлж байна.
Иймээс манай улсын хувьд байгалийн нөөц баялгийн харьцангуй давуу байдалд түшиглэн хүнд үйлдвэрийн томоохон төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт татах, дотоодын зах зээлийг хамгаалах, нэмүү өртөг шингэсэн импортыг орлох, экспортын чиг баримжаатай хүнд үйлдвэрийг хөгжүүлэх, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.
Түүнчлэн хуулийн төслийн тандан судалгаанаас харахад тус салбарт нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний экспортын хэмжээ маш бага, үйлдвэрлэлийн технологи хоцрогдсон, төрийн дэмжлэг, зохицуулалт, хяналт хангалтгүй, төрийн нэгдсэн удирдлага, зохион байгуулалт сул, хүнд үйлдвэр хөгжих боломж, нөхцөл хязгаарлагдмал байгаа нь хууль эрх зүйн орчин бүрэн бүрдээгүйтэй холбоотой гэж дүгнэсэн.
Дээр дурдсан болон бусад асуудлыг цогцоор шийдвэрлэх зорилгоор Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Уг хуулийн төсөл зургаан бүлэгтэй.
Нэгдүгээр бүлэгт хуулийн зорилт, хууль тогтоомжийн үйлчлэх хүрээ, нэр томьёоны тодорхойлолтыг тусгав.
Хоёрдугаар бүлэгт хүнд үйлдвэрийн салбарт хамаарах үйлдвэрлэлийг тодорхойлж, хүнд үйлдвэрийг хөгжүүлэх зорилго, зарчим, хүнд үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх талаарх зохицуулалтыг тусгав.
Гуравдугаар бүлэгт хүнд үйлдвэрийг дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулав.
Дөрөвдүгээр бүлэгт хүнд үйлдвэрийн талаар Улсын Их Хурал, Засгийн газар, хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргаа болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх болон хүнд үйлдвэр эрхлэгчийн эрх, үүргийг тодорхойлов.
Тавдугаар бүлэгт хүнд үйлдвэрийн талаарх төр, хувийн хэвшлийн түншлэлтэй холбогдох харилцааг зохицуулав.
Зургаадугаар бүлэгт хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын зохицуулалт, хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалт, хууль хүчин төгөлдөр болох хугацааг заав.
Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг өргөн барилаа.
Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан байна. Улаанбаатар хотын зам, тээврийн хөдөлгөөнд оролцогч талуудын аюулгүй байдлыг хангах, гудамж замын одоо байгаа сүлжээг засварлах, шинэчлэх, шинээр авто зам барих, замын хөдөлгөөний удирдлагын төвийг шинэчлэх нэгдсэн системийг бий болгох замаар түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, хотын зам, тээврийн стратегийн судалгаа, чадавх бэхжүүлэх арга хэмжээнүүдийг 5 жилийн хугацаанд Нийслэлийн Засаг даргын тамгын газар хариуцан хэрэгжүүлэх юм байна.
Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийг Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 100.0 сая ам долларын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх юм.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс