Цаг үеийн мэдээ

Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар (2011.11.24) хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг үг хэлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-д нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дэмжих замаар эх, хүүхдийн эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйлийг багасгаж, 2030 он гэхэд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 1000 амьд төрөлтөд ес, нялхсын эндэгдлийг 1000 амьд төрөлтөд найм болгон бууруулах зорилт дэвшүүлэн ажиллаж байна гээд 2016-2019 онд эндсэн 97 эхийн материалд хийсэн үнэлгээний дүнгээр зохих арга хэмжээг авч, удирдамж, зааврыг мөрдөж чадсан бол нийт эндсэн эхийн 28.9 хувийг аврах, 67.0 хувийг сэргийлэх боломжтой байжээ гэж дүгнэлт гарсныг тэмдэглэв. Мөн Улсын Их Хурлаар баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэй ажилтныг дэмжих чиглэлээр ажлын цагийг богиносгох, ажилтан өөрөө зөвшөөрөөгүй бол илүү цаг, шөнийн цагаар ажиллуулах, томилолтоор явуулах зэргийг хориглох, зайнаас ажиллах боломжийг олгох зохицуулалтуудыг тусгасныг тэмдэглэв. Эрүүл мэндийн сайд С.Энхболд, НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч Лорна Роллс нар мөн үг хэллээ.

Үргэлжлүүлэн “Эх яагаад эндэв?” сэдэвт лавлагаа, судалгааны үр дүнгээр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх эмч С.Хишгээ илтгэл танилцуулсан бол тус төвийн ерөнхий захирал Ш.Алтантуяа эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, эмчилгээ, үйлчилгээний талаар танилцууллаа.  

Зөвлөх эмч С.Хишгээ илтгэлдээ эх жирэмсний хяналтад ордоггүй нь хүндэрч, амь нас нь эрсдэх гол хүчин зүйл болж буйг онцлов. Мөн эхийн эндэгдэлд нийгмийн сөрөг байдал буюу амьдралын боломж, гэр бүлийн хүчирхийлэл, архидалт нөлөөлж буйг дурьдсан.

Тэрбээр мөн сэргийлэх боломжтой эхийн эндэгдлийг тэглэхэд яаралтай тусламж хүргэх онгоцны үйлчилгээг нэвтрүүлэх, эмч, мэргэжилтний ур чадварыг сайжруулах, шаардлагатай оношилгоог цаг алдалгүй хийх лабораторийн хүчин чадлыг орон нутагт нэмэгдүүлэх, үр хөндөлтийг бодлогын түвшинд авч үзэх, алсын зайн оношилгоог өргөжүүлэх, эмч бэлтгэдэг сургуулийн сургалтын чанарыг сайжруулах болон эхийн эндэгдэлд авах хариу арга хэмжээний шинэ удирдамжийг практикд нэвтрүүлэх шаардлагатай байна гэлээ.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Ш.Алтантуяа эхийн эндэгдлийн шалтгаанд коронавирус нөлөөлснийг тоон үзүүлэлтээр дурьдав. 2021 оны 4-11 дүгээр сард 5293 эх коронавирусээр өвдсөнөөс 44 эх тус вирусийн шалтгаанаар энджээ. Мөн 2017-2021 онд эхийн ноцтой хүндрэл Булган, Баянхонгор, Сэлэнгэ аймагт, амьгүй төрөлт Төв, Увс, Дорнод аймагт, тав хүртэлх насны хүүхэд болон нярайн эндэгдэл Завхан, Говь-Алтай, Ховд аймагт улсын дундаж үзүүлэлтээс өндөр байгааг танилцууллаа.

Тэрбээр эх, хүүхдийн тусламж, үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг жирэмсэн үеийн хүндрэлтэй, эрхтэн тогтолцооны эмгэгтэй, эх жирэмсний хяналтад орохгүй байх, эцэг эх, асран хамгаалагч хүүхдэд тавих анхаарал, халамж хангалтгүй, иргэдийн эрүүл мэндийн боловсрол, эмнэлгийн тусламж хайх мэдлэг сул зэргээр тодорхойлоод бодлого, хууль эрх зүйн түвшинд Эх, хүүхдийн хуулийг батлах, эх, хүүхэд нөхөн үржихүйн төсвийг бүх шатанд бий болгож, нийт төсвийн хоёр хүртэлх хувийг зарцуулж байхаар хуульчлах, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг эрүүлжүүлэхэд шаардлагатай төсвийг эрүүл мэндийн даатгалд оруулах зэрэг асуудлыг дэвшүүлэв.

    Хэлэлцүүлэгт оролцсон Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, П.Анужин, Б.Баярсайхан, Б.Бейсен нар асуулт асууж Эрүүл мэндийн сайд болон холбогдох албан тушаалтнуудаас хариулт авахын зэрэгцээ байр сууриа илэрхийлж үг хэлэв. Хэлэлцүүлэгт оролцогчид мөн шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар саналаа хэлсэн. Хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сан хамтран зохион байгуулав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Таны сурталчилгаа