1932 онд хуралдсан Намын Төв Хорооны Онц III Бүгд хурлаар нийгэм, эдийн засгийн салбарт эрс шинэчлэл хийх “Шинэ эргэлтийн бодлого”-ыг тодорхойлон хэрэгжүүлсэн билээ. Шинэ эргэлтийн бодлогын үр дүнд:
- Төрийн цомхон бүтэцтэй
- Үндэсний ажилчин анги үүсч, хоршоолол хөгжсөн,
-Малын тоо толгой 5 жилийн дотор 5 саяар нэмэгдсэн,
-Аж үйлдвэрийн хөгжлийн суурь тавигдсан түүхтэй.
Харин МАН-ын 30-р их хурлаар Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулан, хэлэлцүүлж байна. Үүнийг Эдийн засгийн тусгаар тогтнолын төлөөх “Зууныг эхлүүлэх Зургаан сэргэлт буюу Шинэ сэргэлтийн бодлого” хэмээн нэрлэлээ.
“Эдийн засгийн тусгаар тогтнол нь чинээлэг дундаж давхаргад суурилсан, гадаад худалдааны болон хөрөнгө оруулалтын хувьд аль нэг улсаас хэт хамааралгүй, тогтвортой өсөлттэй, өсөлт нь хүртээмжтэй, олон тулгуурт эдийн засгийн бүтцээр баталгаажна.
Цар тахал Монгол Улсын эдийн засаг ямар эмзэг байгааг, хэчнээн их хамааралтай байдгийг бодитоор мэдрүүллээ. Энэ асуудал үе үеийн Ерөнхий сайд нарын шаналал, сорилт байсан. Харин энэ удаа улс даяараа, ард иргэдээрээ ойлгон мэдэрч байгаа нь цаг хугацаа алдалгүй шийдэл гаргах цаг ирснийг харуулж байна.”
Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ“Эдийн засгийн тусгаар тогтнол”-ыг авчрахын тулд хөгжлийг хязгаарлагч 6 хүчин зүйлийг тодорхойлж, үүнийг шийдвэрлэх арга замыг “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-д тусгалаа.
Нэг. Боомтын сэргэлт
Бид боомтуудыг авто зам, төмөр зам, хурдны замаар холбож, агаарын тээврийн салбарыг цоо шинэ шатанд гаргах шаардлага байна.
Одоогийн байдал: Монгол Улсад авто замын 39, төмөр замын 3, агаарын замын 4 боомт байна. Гэвч эдгээр боомтын нэвтрүүлэх чадвар, дэд бүтэц харилцан адилгүйгээс хэтэрсэн ачаалал үүсч байна. Одоогийн байдлаар авто замаар 7, төмөр замаар 3, агаарын замаар 1 боомт холбогджээ. Боомтын логистикийн хүчин чадлын индексээр дэлхийн 160 улсаас 130-т орж байгаа нь тааруухан үзүүлэлт юм.
Экпортын 70% Замын-Үүд, Гашуунсухайт, импортын 92% нь Алтанбулаг, Замын-Үүд боомтоор дамжин өнгөрч байна.
Хэрхэн өөрчлөх вэ ? /Шинэ сэргэлтийн бодлого/
Төмөр зам
• Боомтуудын нэвтрэх чадварыг олон улсын түвшинд хүргэх цогц шинэчлэл хийж, боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс болон шинэ хотуудыг байгуулах ажлыг цаг алдалгүй эхлүүлнэ.
• Үндэсний 5600 орчим км үндэсний төмөр замын сүлжээ байгуулна. Үүний хүрээнд дараах Гашуунсухайт, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбоно.
• УБТЗ ХНН-ийн Алтанбулаг-Замын Үүд чиглэлийн хос төмөр зам барьж хүчин чадлыг нь 2 дахин нэмэгдүүлнэ.
Автозам
• Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт боомтуудыг автозамаар холбоно.
• Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн 987 км хурдны зам барина.
Агаарын зам
• Агаарын тээврийн либералчлалыг эхлүүлж, Шинэ нисэх онгоцны буудлыг Ази-Европыг холбосон агаарын тээврийн дамжин өнгөрөх төв болгон өргөжүүлнэ.
• Карго тээврийг хөгжүүлэн аялал жуулчлал болон экспортын шинэ боломж нээнэ.
Хоёр. Эрчим хүчний сэргэлт
Бидний хөгжлийг боомилж буй хоёрдахь хязгаарлагч хүчин зүйл бол эрчим хүчний хомсдол, хараат байдал юм.
Одоогийн байдал: Дулааны үйлдвэрлэл хэрэглээнээсээ 26%, цахилгааны үйлдвэрлэл хэрэглээнээсээ 16 % хоцорсон. 2021 оны 9 сарын байдлаар ДЦС-уудын үндсэн тоноглолууд 76 удаагийн аваарын зогсолт хийжээ. 1986 онд Дулааны 4-р цахилгаан станц баригдсанаас хойш эрчим хүчний нэг ч шинэ эх үүсвэр төрийн зүгээс барьсангүй. Манай улс эрчим хүчний импортод жилд дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарлагадаж байна.
Хэрхэн өөрчлөх вэ ? /Шинэ сэргэлтийн бодлого/
• Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг дуусгаж, баруун зүүн бүсийн эрчим хүчний хараат байдлыг халах; Эгийн голын УЦС-ыг эхлүүлэхийн төлөө бүх боломжоо дайчилна.
• “Тавантолгой-ДЦС’’,“Чойбалсан-ДЦС”, “Амгалан- ДЦС”, “ДЦС-III” өргөтгөл, “Багануур ДЦС”, 5-р эх үүсвэрийг эхлүүлэх;
• Аймгийн төвүүдэд дулааны станц, дулаан дамжуулах төв шугам сүлжээтэй болгох;
• Үе шаттай эрчим хүчний тарифыг чөлөөлөх;
• Сэргээгдэх эрчим хүчний салбарт гадаадын хөрөнгө оруулалт татаж, эрчим хүч экспортолох ажил эхлүүлэх.
• Зүүн Хойд Азийн супер сүлжээнд холбогдож, хоёр хөршийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулах зорилтыг хэрэгжүүлнэ.
• ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолой барих бүтээн байгуулалтын ажлыг ойрын ирээдүйд барьж дуусгахаар төлөвлөж байна.
• Цөмийн болон ус төрөгчийн эрчим хүчний эх үүсвэрийг барьж байгуулахыг төрийн бодлогоор дэмжинэ.
Гурав. Аж үйлдвэржилтийн сэргэлт
Бид импортлогчоос экспортлогч болж, шинжлэх ухаан, мэдлэгт суурилсан эдийн засагтай аж үйлдвэржсэн улс болно.
Одоогийн байдал: Монгол Улсын эдийн засаг нүүрс, зэс, төмрийн хүдэр, алт зэрэг цөөн тооны уул уурхайн түүхий эдийн экспортоос хэт хамааралтай байгаа нь эдийн засгийн олон тулгуур бүрэлдэх бололцоог боомилж байна. Бид аж үйлдвэрийн бодлогоо алдснаас болж, байгалийн баялагийнхаа 90%-ийг нэмүү өртөг шингээлгүй хямд үнээр гаргадаг атлаа дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж чадаагүйгээс боловсруулсан бүтээгдэхүүнийхээ 90%-ийг импортоор авч байна. Мал аж ахуйн орон атлаа жилд 15 сая арьс ширийг боловсруулж чадалгүй хаяж байна.
Хэрхэн өөрчлөх вэ? /Шинэ сэргэлтийн бодлого/
Түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингээх үйлдвэрүүдийг байгуулна
• Таван толгойн нүүрс баяжуулах үйлдвэр
• Алтанширээт аж үйлдвэрийн парк
• Эрдэнэтийн зэсийн баяжмал хайлуулах үйдлвэр
• Дарханы арьс шир боловсруулах цогцолбор
• Дархан, Сэлэнгийн бүсийн гангийн үйлдвэр
• Ховдын Агро болон үйлдвэрлэл технологийн парк
• Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг бүтээн байгуулалтыг дуусгана.
Дөрөв. Хот хөдөөгийн сэргэлт
Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт бус байдал нь бидний хөгжлийг боомилж буй томоохон хүчин зүйл болж байна
Одоогийн байдал: Орон нутгаас Улаанбаатар хот руу шилжих хөдөлгөөн жилд дунджаар 15 мянга болж нэмэгджээ. Нийтийн тээврийн хүртээмжгүй байдлаас болж хотын насанд хүрсэн 2 тутмын нэг нь автомашинтай байна. Улаанбаатар хотын иргэд түгжрэлд өдөрт дунджаар 2,5 цаг зарцуулдаг.
Хэрхэн өөрчлөх вэ? /Шинэ сэргэлтийн бодлого/
Хотын төвлөрлийг багасгана гэдэг бол хөдөөгийн хөгжлийг хангах шийдэл юм. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг эдийн засгийн томоохон төслүүдтэй уялдуулан дахин тодорхойлно.
Хөдөө орон нутагт:
• Төв аймгийг нийслэл хоттой уялдуулан хөгжүүлэх,
• Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг Дорнод Монголын эдийн засгийн тэнхлэг, үйлдвэрлэл, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бүс,
• Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийг хариуцлагатай уул уурхай, өндөр технологид суурилсан аж үйлдвэрийн бүс,
• Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгийг байгалийн нөөц, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бүс,
• Ховд, Баян-Өлгий, Увс аймгийг сэргээгдэх эрчим хүч болон өвлийн аялал жуулчлалын бүс,
• Сэлэнгэ, Дархан, Орхон, Булган, Архангай, Хөвсгөл, Завхан аймгийг эрчимжсэн хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн бүс болгох,
Улаанбаатар хотод:
• Хөшигийн хөндийн дагуул хотыг байгуулж, Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх
• Нийслэл хотын авто замын сүлжээг өргөжүүлэх, хотын дэд төвүүдийг барьж байгуулах% орц гарцын тоог нэмэгдүүлэх
• Толгойт, Баянхошуу, Сэлбэ, Дарь-Эх зэрэг дэд төвүүдийг холбосон 72 км Их тойруу хурдны зам барих
• Замын хөдөлгөөний ухаалаг системийг бий болгох
• Нийтийн тээврийн парк шинэчлэл
• Тулгуурт гүүрбүхий хөнгөн галт тэргийн байгууламжийг 3 чиглэлд 41км зайд барих
Тав. Ногоон хөгжлийн сэргэлт
Бид дэлхийн чиг хандлагад нийцүүлэн эх дэлхийтэйгээ зохицон амьдрах нүүдлийн соёл иргэншилд тулгуурласан хөрвөх чадвартай ногоон хөгжлийн жишиг загварыг тодорхойлно.
Одоогийн байдал: Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын агаарын дундаж температур 2.4 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дунджаас 3 дахин өндөр үзүүлэлт бөгөөд манай улсын нутаг дэвсгэрийн 76% нь цөлжилт, хөрсний доройтолд өртөөд байна. Үүгээр зогсохгүй ган, зуд, ой хээрийн түймэр, салхи, шуурга зэрэг байгалийн аюулт, гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн 20 жилд хоёр дахин нэмэгджээ.
Манай улсын нутаг дэвсгэрийн 76% нь цөлжилт, хөрсний доройтолд өртөөд байна. Агаарын температур 1.0 градусаар нэмэгдэхэд дулаарал, чийгийн хомсдолоос үүдэн үр тарианы ургац 25-30 хувиар буурах, тариалангийн хөрсний элэгдэл, доройтол одоогийнхоос 3 дахин эрчимжиж болзошгүй байна.
Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд усны нөөцийн 82 хувийг газрын гадаргын ус, 18 хувийг газрын гүний ус бүрдүүлдэг ба нөөцийн жигд бус тархалттай. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр 2020 онд гэхэд нэг жилийн дотор 116 гол горхи, 180 нуур, тойром, 381 булаг шанд ширгэсэн байна.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдлийн улмаас сүүлийн 10 жилд эдийн засагт 1.6 их наяд төгрөгийн хохирол учирч, цаашлаад мал аж ахуй, газар тариалан, эрчим хүч, аж үйлдвэрийн салбарын хөгжлийг хязгаарлах хүчин зүйл болж байна.
Хэрхэн өөрчлөх вэ? /Шинэ сэргэлтийн бодлого/
• “Хөх морь” хүрээнд гадаргын усыг нөөцлөх говийн бүсэд усан сан үүсгэх замаар Орхон-Онги, Хэрлэн-Тооно төслүүдийг хэрэгжүүлэх
• “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг бүх талаар дэмжинэ /Мод тарьж ургуулсан иргэн аж ахуй нэгжийг дэмжих татвар, эрхзүйн цогц шинэчлэл хийнэ/
• Улаанбаатар болон аймаг, орон нутагт хог хаягдал дахин боловсруулах байгальд ээлтэй шинэ технологийн үйлдвэрүүдийг байгуулна
• Хэрэгжүүлэх төсөл, хийх ажил бүрийнхээ байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг даван туулах чадварыг үнэлж чаддаг болно
Зургаа. Төрийн бүтээмжийн сэргэлт
Хөгжлийг хязгаарлагч хамгийн том хүчин зүйл нь төр өөрөө болоод байна. Төр хөгжлийг хязгаарлагч биш дэмжигч байх учиртай.
Одоогийн байдал: Сүүлийн 10 жилийн хугацаанд төрийн албан хаагчдын тоо 1.3 дахин нэмэгдсэн. Монгол Улсын төрийн албан хаагчийн нийт ажиллах хүчинд эзлэх хувийг Азийн бусад орнуудтай харьцуулахад 3-4 дахин өндөр үзүүлэлттэй байна. Монгол Улс 2020 онд авлигын индексээр 111-р байранд жагссан нь өмнөх оноос 6 байраар ухарчээ.
Хэрхэн өөрчлөх вэ? /Шинэ сэргэлтийн бодлого/
• Төрийн албанд шатлан дэвшүүлэх, чадахуйн зарчмыг баримталж, үр дүнд суурилсан цалин урамшууллын тогтолцоог нэвтрүүлэх;
• Төрийн байгууллагаас олгох зөвшөөрлийн тоог эрс цөөлж, зөвшөөрөл олголтыг цахимжуулах; /Төрийн үйлчилгээг иж бүрэн цахимжуулах/
• Төрийн чиг үүргийн давхардлыг арилган, төрийн зарим чиг үүргийг ТББ-д шилжүүлэх;
• Төр нь хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, харин бизнесийн таатай орчныг бүрдүүлэх;
• ТӨК байгуулах үндэслэлийг хуулиар тодорхой тогтоож, алдагдалтай ажилласан тохиолдолд шуурхай арга хэмжээг авах;
• ТӨК-иудын засаглалыг сайжруулж, бүтцийн өөрчлөлт, олон нийтийн нээлттэй хяналтад шилжүүлэх;
• Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн бол хатуу хариуцлага тооцдог тогтолцоо бий болгох ;
• Төрийн худалдан авалтын ажиллагааг цахимжуулж, ил тод болгох зэрэг
1932 оны ШИНЭ ЭРГЭЛТИЙН БОДЛОГО “Бусдыг мөлжихгүйгээр иргэн бүр хэм тэгш баяжигтун” гэдэг агуулгатай байсан.
Өнөөдөр МАН-ын 30-р их хурлаар“ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ыг хэлэлцүүлж, “Эдийн засгийн тусгаар тогтнол, чинээлэг дундаж давхаргыг бүрдүүлэх үйлсэд иргэн бүр оролцогтун” хэмээн уриалж байна.