Цаг үеийн мэдээ

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы  хуралдаанд УИХ-ын гишүүн С.Бямбацогтын Байгаль орчин, аялал, жуулчлалын сайд Н.Уртнасанд хандан “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тохиолдолд байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон бусад асуудлын талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо.

Байгаль орчин, аялал, жуулчлалын сайд Н.Уртнасан мэдээлэлдээ, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 160, 42 тогтоолоор Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Увс аймгийн Өмнөговь сумдын нутагт Шижигтийн хавцалд Эрдэнэбүрэнгийн 90МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барих” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, станцын барилга, угсралтын ажлыг эхлүүлэхээр тусгасныг онцлоод Засгийн газрын 2019 оны 357 дугаар тогтоолоор уг цахилгаан станц барихаар төлөвлөсөн 28000 га газрыг Улсын тусгай хэрэгцээнд авсан гэж байлаа. 

Улмаар Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг 2019 оны 10 дугаар сард хийж гүйцэтгэсэн. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх зөвлөгөө үйлчилгээний гүйцэтгэгчийг Эрчим хүчний яамнаас “Нью гидро проект” ХХК, “ЕНКО” ХХК-ийн түншлэлийг шалгаруулсан байна. Эдгээр хоёр компани 2021 онд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийж гүйцэтгэсэн. “Нью гидро проект” ХХК нь өнгөрсөн хугацаанд 32 төслийн нарийвчилсан үнэлгээг хийсэн бол “ЕНКО” ХХК нь 184 төслийн нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэсэн туршлагатай гэдгийг тодотгосон. 

Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланд дараах 14 шүүмжийг өгсөн байна. Тухайлбал;

Төслийн нөлөөлөлд өртөх айл өрхийн газрыг чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох, тэдний хэвийн амьдрах нөхцөлийг хангах төлөвлөгөө гаргаж зардлын эх үүсвэрийг заах, түүнийг хариуцан хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтныг төсөл хэрэгжүүлэгч байгууллагатай тохиролцон тайланд тусгах;  

Төсөл хэрэгжих 6 багийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн ИНХ-аас бусад багууд уг төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг дэмжээгүй байна. Иймд Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн Засаг дарга (ИТХ), сумдын Засаг дарга (ИТХ)-тай хамтран ажиллаж, саналыг дахин авах;

Төслийн хэрэгжих газраас 10000 орчим га газар усанд автах тул үүссэн нуурын экосистем нь тухай орчинд амьдарч буй айл өрхөд үзүүлэх эерэг болон сөрөг нөлөөллийг тооцох, бэлчээрийн усан хангамж, бусад зүйлсийг тусгах;

УЦС-ын барилга болон бусад дэд бүтцийн барилга байгууламжид ашиглах 1.2 сая.м түгээмэл тархацтай ашигт малтмалыг хангахаар сонгосон газар, түүнээс ашиглах газар нь холбогдох хууль тогтоомтой нийцэж байгаа эсэхээр тайлбар өгөх, эрх бүхий байгууллагаар шийдвэр гаргуулах;   

Усны газраар ус ашиглах боломжит нөөц, техникийн шийдэл талаас нь дүгнэлт гаргуулж, тайланд хавсаргах;

Дүйцүүлэн хамгааллын ажлын хүрээнд аргаль хонь, янгир ямаа, минжний хувьд ямар арга хэмжээг хаана хэрэгжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн ямар үйл ажиллагааг хаана, хэрхэн зохион байгуулах;

Загас дамжуулах сувгийн ямар хувилбарыг санал болгох, хэрэв сувгийн байгууламж барих нь хүндрэлтэй бол загас зөөвөрлөх, шилжүүлэх хувилбарыг боловсруулж тайланд тусгах, ялангуяа Монгол хадрангийн үржлийн үед үржлийн сүргийг далангийн дээд хэсэгт зөөвөрлөх, шилжүүлэх ажлыг хийдэг байх;

Төсөл хэрэгжих талбайд түүх, соёлын өвд хамаарах ажлыг хэрэгжүүлэх зардал болон уг ажлыг гүйцэтгэх талаар Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн болон бусад холбогдох хүрээлэн, судалгааны байгууллагатай хамтран ажиллах чиглэлээр тодорхой зөвлөмж өгөх;

Төслийн Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг олон нийтэд хүргэх, мэдээллийг ил тод байлгах талаар захиалагч, гүйцэтгэгч байгууллагын үүргийг тодорхой тусгах зэрэг шүүмжийг өгч ажилласан гэлээ.