Цаг үеийн мэдээ

Өмнөговь аймгийн малчид Үндсэн хуулиар олгогдсон эрх нь зөрчигдөж байгаа талаар мэдээлэл хийлээ. 

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын иргэн н.Насанжаргал "Бид Цагаандэл уул-Өлзий боомтыг эсэргүүцэж байна. 10 гаруй жилийн өмнөөс үүнийг эсэргүүцэж, олон иргэдийн гарын үсэг цуглуулж, хурал зөвлөгөөн хийж ирсэн. Гэтэл төр биднийг хүсэлтийг үл тоон боомтыг нээх эцсийн шийдвэрт хүрч байх шиг байна.

Цаашид шат шатанд нь, олон улсын байгууллагад хүртэл хандаж эсэргүүцлээ илэрхийлнэ. Сүүлийн үед орон нутгийн удирдлагуудыг ажил албан тушаалтай нь ярина хэмээн шахаж, боомтын асуудалд хүчээр гарын үсэг зуруулах гэсэн бичиг ирж байна. Нутаг орныг минь биднээс хүчээр булааж авах гэж байна. Бид  улс төржих шалтгаан нэг ч байхгүй. 

Газар, түүний баялаг нь төрийн хамгаалалтад, ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуулийн заалт огт хэрэгжихгүй байна. Иргэдийн дуу хоолойг сонсохгүйгээр явцуу эрх ашгийн үүднээс хандаж, боомтыг нээх гэж байна. 

Тус боомт баригдсанаар таван уурхай ашиглалтад орох бөгөөд манай нутаг бүтнээрээ уурхайн мэдэлд орно. Ашиглалтын 41, хайгуулын 22 лиценз уг нөлөөллийн бүсэд байгаа. Ингэснээр Хүрмэн сумын айл өрх, 130 мянга гаруй мал хаана амьдрах нь тодорхойгүй болно. 

Усны нөөцийг ашигласнаар газар доорх нөөц үгүй болж, 33 төрлийн хөхтөн амьтан, 88 төрлийн эмийн ургамал устаж үгүй болох эрсдэлтэй" гэлээ.

Өмнөговь аймгийн гурван сумын иргэдийн эрүүл, аюулгүй орчин амьдрах эрх зөрчигдөж байна

Экологич Д.Туяа "2014 онд шинэчлэлийн засгийн газрын үед гарсан тогтоолын уршгаар Өмнөговь аймгийн Ханхонгор, Хүрмэн, Номгон гэсэн гурван сумын иргэдийн эрүүл, аюулгүй орчин амьдрах эрх зөрчигдөж байна.

Ховор ан амьтан, ургамал сүйдэх аюул нүүрлэж буй учир Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандана. ажлын хэсэг гаргахыг хүсэж, орон нутгийн нөхцөл байдлыг судлан дээрх тогтоолыг хүчингүй болгох талаар зөвлөгөө өгүүлэхээр хандана.

Ерөнхий сайдад боомт нээх тогтоолыг хүчингүй болгох талаар хүсэлт гаргана. Мөн бид уг асуудлаар НҮБ-д хандана. Хүний эрхийг зөрчсөн шийдвэрийг шат шатны төрийн байгууллагууд гаргаж байгаа учраас олон улсын байгууллагад хандаж, нөхцөл байдлыг газар дээр нь судалж, зөвлөмж хүргүүлэхийг хүснэ" гэв.