Цаг үеийн мэдээ

Туркийн Станбул хотноо ирэх тавдугаар сарын 9-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах олимпын эрх олгох тэмцээнд Монголын чөлөөт бөхийн шигшээ баг эрэгтэй 4, эмэгтэй 3 жинд өрсөлдөнө. 

Уг тэмцээнд оролцох тамирчдын сонгон шалгаруулалт журмын дагуу сорилт барилдаангүйгээр, холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн саналаар шийдвэрлэгдсэн болно. 

Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сард буюу Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон Азийн олимпын эрхийн тэмцээний өмнө Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нар эрхийн тэмцээн хоорондын зай шахуу хуваарьтай, сорил хийх хугацаа хангалтгүй байгаа тул эрхийн сүүлчийн тэмцээнд оролцох тамирчдыг Удирдах зөвлөлийн гишүүдийн санал хураалтаар шийдвэрлүүлэхээр холбоонд хүсэлт ирүүлсэн.   

Хүсэлтийн дагуу Удирдах зөвлөл тухайн сардаа хуралдаж, журмын  нэмэлт өөрчлөлтийг баталсан  юм.

Улмаар холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхын саналаар дараах долоон тамирчин дэлхийн эрхийн тэмцээнд оролцохоор сонгогдоод байна. Үүнд: 

Эрэгтэй: 

• 57 кг З.Занабазар (Улсын аваргын мөнгө)

• 65 кг Т.Тулга (Улсын аваргын мөнгө)

• 74 кг О.Сүлдхүү (Улсын аваргын алт)

• 97 кг Г.Ганхуяг (Улсын аваргын алт) 

Эмэгтэй:

• 53 кг Б.Хулан (Улсын аваргын алт)

• 57 кг Б.Хонгорзул (Улсын аваргын мөнгө)

• 76 кг Э.Даваанасан (Улсын аваргын алт) нар Дэлхийн эрхийн тэмцээнд эх орноо төлөөлнө.

Таны сурталчилгаа