Цаг үеийн мэдээ

ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн захирлын нэрэмжит тэтгэлэгийг шинжлэх ухааныг хөгжүүлэх, нийгмийн сайн сайхны төлөөх үйлс, сурлага, хөдөлмөртөө өндөр амжилт гаргаж цаашид Тархи, сэтгэл судлалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах чин эрмэлзэлтэй, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд идэвхитэй оролцож бусдыгаа манлайлах чадвартай оюутан залуусыг дэмжих зорилгоор жил болгон олгох юм.

Хүний эрүүл мэндийн тухай шинжлэх ухааны тулах гурван чулуу бол онолын анагаах ухаан буюу био ангааах ухаан, эмнэл зүйн анагаах ухаан, нийгмийн эрүүл мэндийн ухаан юм. Хүн амыг өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, амдьралыг уртасгах, эрүүл мэндийг дэмжихэд олон нийтийн оролцоог үр дүнтэй зохион байгуулах шинжлэх ухааныг ялангуяа өнөөгийн дэлхий нийтийг хамраад байгаа цар тахал, шинээр болон, сэргээгдэж байгаа халдварт өвчний эрсдэлд нэрвэгдээд байгаа өнөө үед хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Монгол Улсын төрөөс Эрүүл мэндийн  талаар баримтлах бодлого болон Эрүүл мэндийн тухай хуульд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэргүүлэх чиглэл хэмээн заасан байдаг. Энэ ч утгаараа нийгмийн эрүүл мэндийн талаар төрийн бодлогыг ард иргэдэд түгээн дэлгэрүүлэх, нийгмийн эд эс болсон иргэн бүрийн оролцоо, үүрэг хариуцлага нийгмийн эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай бөгөөд өндөр ач холбогдолтой өнөө үед нийгмийн эрүүл мэндийг дэмжих үүднээс анхныхаа тэтгэлэгийг АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн оюутанд олгожээ.

Тэтгэлэгийн эзэн, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн 5-р дамжааны  оюутан Бат-Өрнөх овогтой Төгсцогт нь анги хамт олноо манлайлан сайн суралцахын зэрэгцээ Mon-TimeLine эмнэл зүйн кохорт судалгаанд амжилттай оролцсон, эмнэлгийн хог хаягдал төдийгүй үйлчилгээний байгууллагуудын хог хаягдлыг ангилан ялгах ажлыг санаачилж сайн туршлага нэвтрүүлж, нийгмийн эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулсан, цаашид Тархи, сэтгэл судлал, орчны бохирдол, нийгмийн эрүүл эрүүл мэндийн чиглэлээр судалгааны ажил хийх эрмэлзэл, манлайллыг нь үнэлж 1,5 сая төгрөгийн тэтгэлэгийг олгожээ. 

Нийгмийн эрүүл мэнд гэдэг нь иргэн бүрийн эрүүл мэндийн асуудал бөгөөд бүх нийтийн хүчээр шийдэх асуудал юм.

Ж.ЦОЛМОН АУ-ны доктор, профессор, ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал