Цаг үеийн мэдээ

Онцгой байдлын байгууллагад ирсэн хээрийн болон ойн түймрийн дуудлагын мэдээллийг хүргэж байна. 

Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Живхээртэй” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 200 км, сумын төвөөс хойд зүгт 20 км-т/ ойн түймэр гарсан тухай дуулагыг 4 сарын 18-ны өдрийн 13:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж 21:30 цагт цурамд оруулж, 4 сарын 19-ний өдрийн 11:00 цагт бүрэн унтраасан.

Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн Ац холбоо гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 490, сумын төвөөс баруун урд зүгт 130 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 16:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Хилийн 0198 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газар, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын газар, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтнууд түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймэр Хилийн 1303 тэмдэгтээр Монгол орны зүүн цэг буюу “Соёлз” уул орчимд БНХАУ-ын хил рүү давсан. Урьдчилсан байдлаар түймрийн урт 128 км, өргөн 72 км, салхи баруун урд болон урдаасаа 13 м/с байна.

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах багийн “Сэнжит” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 220 км, сумын төвөөс зүүн зүгт 60 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 4 сарын 18-ны өдрийн 22:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, Эрдэнэцагаан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Эрдэнэцагаан сумын Хилийн цэргийн 0146 дугаар анги, Онгон сумын Хилийн цэргийн 0184 ангийн алба хаагчид, Баруун-Урт сумын мэргэжлийн ангийнхан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймрийн урт 70 км орчим байна.  

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан багийн “Шанаган” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 4 сарын19-ний өдрийн 10:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, Норовлин сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн түймрийг цурманд оруулсан. Түймрийн урт 16 км, өргөн 4 км, нийт 6400 га талбай шатсан.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн Дунд хориуд гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 260 км, сумын төвөөс зүүн зүгт 65 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 4 сарын 18-ны өдрийн 16:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Хорих 417 дугаар ангийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газар, “Өв менежмент” ХХК-ийн ажилтнууд 19:58 цагт түймрийг цурманд оруулж, 4 сарын 19-ний өдрийн 11:30 цагт бүрэн унтраасан.