Цаг үеийн мэдээ

Энэ сарын 16-нд иргэн О.З цахим орчинд хууль бусаар хайрга дайрга олборлож байгаа талаар мэдээлэл нийтэлжээ. Энэ дагуу Экологийн Цагдаагийн Албаны дарга цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар даргатай ажлын хэсэг шалгалтын ажиллагаа явууллаа. Шалгалтаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт Бүрэг толгой гэдэг газарт 55х15 хэмжээтэй гурван хэсэг газрын хөрсийг 0.5 метр гүнтэй хуулж, 60х12 хэмжээтэй хоёр хэсэг газрыг 1.7 метрийн гүнтэй ухаж, нийт таван хэсэг газрыг 4,738.3 куб метр эзлэхүүнтэй ухсан байв.

Ажлын хэсгээс аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийг оролцуулан хууль бусаар олборлосон хайрга, дайргыг худалдан авч үйл ажиллагаандаа ашигласан ААН-ийн үйл ажиллагааг зогсоож, зуурмагийн цех, бусад техник хэрэгслийг лацдан битүүмжиллээ.

Тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын дарга, аймгийн мэргэжлийн хяналтын газрын уул уурхай хариуцсан улсын байцаагч нарт  олборлолтын улмаас эвдэгдсэн талбайд буруутай этгээдээр нөхөн сэргээлтийн ажлыг зохих журмын дагуу хийлгүүлэх үүрэг өгч хяналт тавин ажиллаж байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт таван гомдол мэдээлэл гаргасныг хүлээн авч шалгалтын ажиллагаа явуулан нэг гомдлыг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан бол нэг гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгалтын ажиллагаа явуулахад Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлд заасан түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль зөрчих зөрчлийн шинжтэй байсан тул  Мэргэжлийн хяналтын байгууллагад шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.

Харин гурван гомдол мэдээлэлд эрх бүхий этгээд албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй үйлдэл тогтоогдсон тул шалгуулахаар АТГ-т шилжүүлэх саналтай прокурорын газарт хүргүүлсэн.

Хууль бусаар түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлд заасан зөрчлийн шинжтэй байх тул мэргэжлийн хяналтын байгууллага шалгадаг. Дүгнэлт гаргаж зөвшөөрөл олгогдсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байдаг тул АТГ-т шалгуулахаар тус тус харьяалуулсан байна. 

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба