Дани улсын нийслэл Копенхаген хотноо марафоны “Парис 2024” Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд Монголын марафонч, ОУХМ Г.Хишигсайхан 2:28:48 цагийн амжилтаар дөрөвдүгээр байрт шалгарсан бол гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:19:25 цагийн амжилтаар 14 дүгээр байр эзлэн Парисыг зорих эрхээ баталгаажуулж, 6 дахь Олимпдоо оролцох болзол хангалаа.
Г.Хишигсайханы хувьд өнгөрсөн гуравдугаар сарын 3-ны өдөр зохиогдсон Токиогийн марафонд 2:26:32 цагийн амжилтаар наймдугаар байрт шалгарч Олимпын эрхээ хүртээд байгаа билээ. Мөн өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр болсон Сөүлийн марафонд Б.Мөнхзаяа 2:24:45 цагийн амжилтаар шилдэг аравт шалгарч Олимпын эрхээ аваад буй. Манай марафоны баг тамирчид "Парис 2024" Олимпын наадамд 5 эрх авахыг зорьж байгаа бөгөөд Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос ойрын хугацаанд дэлхийн чансааг зарлаж, баталгаажуулна.