Цаг үеийн мэдээ

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Япон Улсын Шоова эмэгтэйчүүдийн их сургуулийн дэргэдэх Олон Улсын соёл судлалын институтийн санаачилгаар “Монголын кино урлаг”-ийн талаарх семинарыг 05 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсаас Япон Улсад суугаа Монголын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Токио хотод амжилттай зохион байгуулагдлаа.

Семинарт Монгол Улсаас Соёлын яам мөн кино урлагийн салбарын уран бүтээлчдийн төлөөлөл, Япон талаас Токиогийн гадаад хэлний дээд сургуулийн багш К.Окада, Монголч эрдэмтэн, профессор Б.Хөхбаатар, Японы Кино урлагийн их сургуулийн багш К.Ишисаки болон Фүкүока хотын төв номын сангийн эрхлэгч Ё.Яширо нар илтгэл тавьсан. 

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Японы соёлын хамтын ажиллагаа, тэр дундаа кино урлагийн салбар дахь хамтын ажиллагаа өргөжиж Японы Фүкүогийн 1993 оны Олон Улсын кино наадамд Монголын уран сайхны кино оролцсоноор дэлхий нийтэд Монгол кино уран бүтээлийг сурталчлан таниулах боломж бүрдэж байсан бөгөөд түүнээс хойш Монголын олон сайхан кино япон улсын дэлгэцнээ гарч байсан.

Монгол Улсад кино үйлдвэрлэл болон кино бүтээх, түгээхтэй холбоотой цогц үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлсэн “Кино урлагийг дэмжих тухай” анхны хууль батлагдсанаар Соёлын яамнаас уг хуулийг даган гарах кино урлагийг дэмжих сангаас санхүүжилт олгох болон кино бүтээх зардлын буцаан олголтыг олгох журмуудыг боловсруулан, Засгийн газрын 2022 оны 132, 133 дугаар тогтоолуудыг батлуулаад байна.

Ингэснээр Монголын кино үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх нөхцөл боломж бий болсон энэ цаг үед эрх зүйн орчны шинэтгэлийг Олон Улсад сурталчлан таниулахад өнөөдрийн семинар онцгой ач холбогдолтой боллоо.

Таны сурталчилгаа