Цаг үеийн мэдээ

Соёлын сайд Ч.Номин Өмнөговь аймагт ажиллаж, өнөөдөр аймгийн Засаг дарга Р.Сэддоржтой уулзлаа.

Уулзалтын эхэнд, Соёлын сайд Ч.Номин Өмнөговь аймаг байгуулагдсаны 90, 91 жилийн ойн мэндийг хүргэж, Соёлын яамнаас гаргасан Үндэсний их баяр наадмын брендинг, бодлогын хүрээнд аймаг, орон нутгийнхаа соёлын өв, онцлогийг шингээсэн соёл урлагийн олон арга хэмжээ зохион байгуулсанд талархал илэрхийллээ.

Мөн Өмнөговь аймаг байгуулагдахтай зэрэгцэн сууриа тавьсан Хөгжимт драмын театрыг орон нутгийн төсвийн 14.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинээр барьж, соёлын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлогыг дэмжсэнд талархал илэрхийлж, соёлын бодлогыг тэгш хүртээмжтэй хүргэх, нутгийн иргэдийн соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар аймгийн удирдлагуудтай дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо.

Өмнөговь аймагт Хөгжимт драмын театраас гадна аймаг хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд “Говийн байгаль, түүхийн музей”-г барьж, зарим сумдын соёлын төв, тэдгээрийн тоног төхөөрөмжийн санхүүжилтийг Соёлын яамнаас шийдвэрлэсэн юм. 

Улмаар, соёлын бүтээн байгуулалтуудыг цаашид ашиглалттай, тогтмол үйл ажиллагаатай байлгахын тулд төлөвлөгөө, үзэл баримтлалыг боловсруулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө үзүүлэх, шаардлагатай болон тулгамдаж буй асуудлыг аймгийн удирдлагуудтай хамтран шийдвэрлэж байна.

Мөн Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудалд онцгой анхаарч байгаа талаар Соёлын сайд танилцуулж, аймгийн удирдлагуудтай соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аймгийг илтгэж чадах соёлын арга хэмжээг тогтмолжуулах, хамтран зохион байгуулах асуудлаар ярилцаж, тохиролцлоо. 

Түүнчлэн уулзалтаар соёлын үл хөдлөх дурсгал, археологи, палеонтологийн үнэт дурсгалуудад тулгуурласан соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх нь үндэсний нэгдмэл үнэт зүйлсийг цогцлооход түлхэц үзүүлэхээс гадна соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, түүнийг дагасан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хөшүүрэг болно гэж үзэв.

Соёлын сайд Ч.Номин болон Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нар энэ оны эхээр уулзаж, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого-Алсын хараа 2050, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр дэх Соёлын яамны тэргүүлэх бодлого, стратегийг аймгийн бодлого, төлөвлөлтэй уялдуулж, хэрэгжүүлэх асуудлаар уулзаж, хамтран ажиллах гэрээ байгуулж байсан юм. Энэ хүрээнд Өмнөговь аймагт соёлын салбарын бодлого үе шаттай хэрэгжиж байна.