Цаг үеийн мэдээ

Баясгалан, Хонгороо нар нь хамтран амьдарч байх хугацаандаа Хонгороогийн нэр дээр зээлийн гэрээг байгуулан, лизингээр машин худалдан авч, зээлээ хамтран төлж байсан боловч тэд салжээ. Салсны дараа Баясгалан машинаа унаж, зээлийн төлбөрөө төлж байтал Хонгороо машиныг нь нууцаар ачуулан авч яваад, зээлийн төлбөрийн үлдэгдэл 8,535,064 төгрөг төлж, машины гэрчилгээг өөрийнхөө нэр дээр авчээ.

Баясгалан шүүхэд хандаж, Хонгороогоос машины зээлийн төлбөрт төлсөн 10,880,452 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэхэд, Хонгороо 2 жил машиныг унаж хэрэглэсэн тул зээлийн хүү, элэгдэл хорогдлыг төлөх ёстой гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар, Банк бус санхүүгийн байгууллага Хонгороо нарын хооронд автомашин худалдан авах зээлийн гэрээ, фидуцийн гэрээ байгуулагдсан, худалдан авснаас хойш Баясгалан 2 жил машиныг эзэмшиж байсан, зээлийн төлбөрт Баясгалан 10,880,452 төгрөгийг, Хонгороо 11,951,064 төгрөгийг тус тус төлсөн болох нь тогтоогдсон байна.

Шүүх машиныг зээлийн хөрөнгөөр авсан тул гэрээний дагуу Хонгороо зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж, машиныг өөрийн өмчлөлдөө авах эрхтэй, Хонгороо өөрийн эзэмшилдээ машинаа нэгэнт авсан тул Баясгалангийн төлсөн 10,880,452 төгрөгийг Хонгороо буцаан төлөх үүрэгтэй гэж үзэж, Хонгороогоос 10,880,452 төгрөгийг гаргуулж, Баясгаланд олгож шийдвэрлэв.

Жич: Шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Хураангуй бэлтгэсэн: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цэрэндулам