Цаг үеийн мэдээ

“Э” ХХК Банкнаас зээл авахдаа иргэн Б, М, Ү нарын өмчлөлийн 4 өрөө орон сууцыг барьцаалжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн тогтоолын дагуу уг орон сууцыг битүүмжлэн хуураасан байна. Иргэн Ү шүүхэд хандан дээрх тогтоолыг хүчингүй болгуулж, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай гомдол гаргав.

Өмнө нь 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн шүүгчийн захирамжаар “Э” ХХК нь Банкнаас авсан зээлийн үлдэгдэл 501 сая 830 мянга 358 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн дотор графикийн дагуу төлж барагдуулах, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүрэг хүлээж байсан.

Уг шүүхийн шийдвэрийг “Э” ХХК сайн дураар биелүүлээгүй юм. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд дээрх орон сууцыг битүүмжилсэн байна.

Иргэн Ү “шийдвэр гүйцэтгэх газраас байрыг битүүмжилсэн талаар өмчлөгч надад мэдэгдээгүй, битүүмжлэх ажиллагаанд намайг оролцуулаагүй” хэмээсэн юм. Шүүхээс уг гомдлыг хариуд орон сууцаа зээлийн барьцаанд тавьсан, зээл төлөгдөхгүй бол барьцаа хөрөнгөөр төлөгдөнө гэдгийг мэдэж байсан, энэ тохиолдолд өмчлөгчийг мэдээгүй байхад хөрөнгийг нь битүүмжилсэн гэж үзэхгүй, шийдвэр гүйцэтгэгч түүнийг дуудах, тайлбар авах, төлбөр төлөх талаар хугацаатай мэдэгдэл өгөх ажиллагаа явуулах шаардлагагүй гэж дүгнэн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Хянан найруулсан: Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээллийн хэлтэс

Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй. Зөвхөн олон нийтэд  ойлгомжтой байдлаар  мэдээлэн хүргэх зорилготой болно. 

Боловсруулсан: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа