“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын бэлтгэл ажилтай танилцах, газар дээр нь шалгах, зөвлөгөө өгөх зорилгоор Улаанбаатар хотноо ирээд буй Зүүн Азийн олимпын хорооны албаны төлөөлөгчид өнөөдөр Олимпик хауст зочилж, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатартай ажил хэргийн яриа өрнүүллээ.
Уулзалтад Зүүн Азийн олимпын хорооны Дүрэм болон спортын хорооны дарга Вэй Дайшунь, тус хорооны гишүүн Пак Ин Кю, ЗАОХ-ны нарийн бичгийн албаны ажилтнууд, “Улаанбаатар-2023 Зүүн Азийн залуучуудын наадмын Зохион байгуулах хороо” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн П.Буяндэлгэр болон албаны бусад хүмүүс оролцов.
МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, “Улаанбаатар 2023” наадмын Зохион байгуулах хорооны Олимп дэд хорооны дарга Ч.Наранбаатар манай улс олон төрөлт спортын наадмыг анх удаа Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж буйг онцлон дурдаад, “Энэхүү наадмыг зохион байгуулах нь бидний хувьд нэр төрийн хэрэг байх болно. Зүүн Азийн залуучуудын наадам болоход жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Бидэнд хийх ажил их байна. Та бүхний туршлага, зөвлөгөө, дэмжлэг их хэрэг болно. МҮОХ-ны зүгээс бүх талаар тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа” гэв.
Зүүн Азийн олимпын хорооны төлөөлөгчид хоёр хоногийн хугацаатай ирсэн бөгөөд тэмцээн уралдаан зохиогдох ордон, газрууд, тамирчдын байрлах зочид буудал, үйлчлүүлэх эмнэлэг, допингийн шинжилгээ авах газруудтай биечлэн танилцана.
Энэ талаараа Вэй Дайшунь дарга “Бид ирсэн даруйдаа тэмцээн болох зарим нэгэн газруудтай танилцлаа. Зохион байгуулах хороо ажлаа сайн хийж байна гэж дүгнэж байна. Ирэх жилийн наадам хүртэл хийх ажил их болохоор цаашид бид өдөр бүр цахимаар уулзалдах болно. Мэргэжлийн зөвлөгөө, шаардлагатай зөвлөмжөөр хангаж ажиллана” гэсэн юм.
Түүнчлэн Дүрэм болон спортын хорооны гишүүн Пак Ин Кю БНСУ 1980-аад онд Азийн наадам болон олимпын наадам зохион байгуулсны дараа эдийн засаг нь хурдтай хөгжсөнийг дурдаад “Улаанбаатар-2023” наадам манай улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж найдаж байгаагаа өгүүлэв.
“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам ирэх оны наймдугаар сарын 16-23-ны өдрүүдэд зохиогдох бөгөөд 9 үндэсний олимпын хорооны 1500 орчим тамирчин спортын 12 төрөлд өрсөлдөх юм.