Цаг үеийн мэдээ

Чөлөөтийн шигшээ багийн тамирчид энэ жилийн ДАШТ-д одтой барилдаж, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 50 кг-д Д.Отгонжаргал, 53 кг-д Б.Хулан, эрчүүдийн 125 кг-д М.Лхагвагэрэл нар мөнгөн медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 57 кг-д З.Занабазар, 61 кг-д Н.Наранхүү нар хүрэл медаль авчирсан юм. 

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдыг дасгалжуулагчдын хамт Олимпик хауст хүлээн авч уулзлаа. 

Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Баярсайхан, дасгалжуулагч Т.Сүхбаатар, Ц.Цогтбаяр, Б.Баяраа, Б.Батзориг нар тамирчдынхаа уяа сойлгыг тааруулсан билээ. 

Уулзалтын үеэр ерөнхийлөгч Б.Баттүшиг дэлхийн дэвжээнээс медальтай ирсэн тамирчдад баяр хүргэж, мөнгөн шагналаар урамшуулаад МҮОХ-ны зүгээс чөлөөтийн тамирчдаа бүх талаар дэмжиж туслахаа илэрхийлэв.  

Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр манай тамирчдын ойрын үед оролцох тэмцээн болоод бэлтгэлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, олимпын эрх авах шалгуурыг танилцуулав.

Түүнчлэн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Баярсайхан бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийвэл Парисын олимпод амжилт гаргах найдвар байгааг хэлэв. “Шилжилтийн үе дууссан. Одоо амжилтын төлөө чухал дайралтаа эхлүүлэх мөч ирээд байна” гэв.

Таны сурталчилгаа