Монголын тусгай олимпын хорооноос “Залуучуудын манлайллын чуулган”-ыг энэ сарын 5, 6-ны өдрүүдэд зохион байгууллаа. Чуулганд Баян-Өлгий, Говь-Алтай Дорнод, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, аймаг, Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 33, 35, 47, 65, 102, 114, 130, “Шинэ Монгол Харумафужи” хамтарсан сургуулиас оюуны бэрхшээлтэй болон бэрхшээлгүй 15-25 насны 40 орчим хүүхэд, залуус нэг дор хуран цугларч, хоёр өдрийг хамтдаа өнгөрүүлэв.
Тус арга хэмжээний эхний өдөр Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхий сайдын нийгмийн хөгжлийн зөвлөх Ч.Ундрахбаяр, жүдо бөхийн “Атланта-1996” олимпын наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Нармандах, чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Наранбаатар нарын хүндтэй эрхмүүд оролцож, хүүхэд, залуустай сонирхолтой ярилцлага өрнүүлэв.
Харин өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, жүдо бөхийн “Рио-2016” олимпын наадмын хүрэл медальт Г.Отгонцэцэг нар оролцлоо. Д.Жаргалсайхан хэлсэн үгэндээ “Берлин-2023 тусгай олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдыг дэмжих хүрээнд 2023 оны улсын төсөвт зохих хэмжээний зардлыг тусгалаа. Цаашид Биеийн тамир, спортын тухай хуульд Тусгай олимпын чиглэлээр тодорхой заалтуудыг оруулах ёстой гэж үзэж байна.
Тусгай олимпын хорооноос зохион байгуулж буй төрөл бүрийн арга хэмжээнд тогтмол оролцож, та бүхэнтэй хамт байж, энэ чиглэлийн спортыг хөгжүүлэхэд хамтран ажиллана” хэмээн тэмдэглэв.
Энэ арга хэмжээний үеэр хүүхэд, залууст бочи спортыг таниулах тоглолт болсон бөгөөд “Рио-2016” олимпын наадмын хүрэл медальт Г.Отгонцэцэг, “Монгол тэмүүлэл” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч А.Арайжантай гурван үе тоглож А.Арайжан 2:1-ээр хожсон юм. Бочи спортыг Биеийн тамир, спортын улсын хорооноос онцгойлон анхаарч, Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүндээ багтааж, өдгөө нэг тамирчин, нэг дасгалжуулагч бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
Ташрамд дуулгахад 2013 онд байгуулагдсан Монголын тусгай олимпын хороо нь 3000 орчим оюуны бэрхшээлтэй тамирчин, 200 гаруй багш, дасгалжуулагч, 300 сайн дурын ажилчдыг эгнээндээ багтаажээ. Тусгай олимпын тамирчид нь үндэсний, бүсийн, олон улсын болон өвөл, зуны олимпод оролцохоос гадна спортоор дамжуулан нийгэмших, нийгмийн хандлагыг өөрчлөх, нөлөөллийн ажил хийх зэрэг сургалтад хамрагддаг юм байна.