Цаг үеийн мэдээ

Энэ ажлын хүрээнд БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газраас яамны Хүрээлэн буй орчны газар, Кадастрын хэлтэс, БИОСАН баазын хөгжүүлэлтийг хийхэд хамтран оролцох Дэлхийн байгаль хамгаалах сан, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Байгаль орчны мэдээллийн сангийн хэлтэс болон Битсофт компанийн төлөөлөл  уулзалт зохион байгууллаа.

Уг мэдээллийн сангийн вебсайтыг гар утасны аппликейшинтэй хамт хөгжүүлэх ажлыг энэ оны 3 дугаар сард дуусган хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьж байгаа бөгөөд ингэснээр тусгай хамгаалалттай газруудын төлөвлөгөөт судалгааны мэдээллүүдийг байгаль хамгаалагчид судалгаа хийх явцдаа системд оруулах, судалгаа хийх арга аргачлал сайжрах юм.

Энэхүү ажлын хүрээнд “БИОСАН” цахим мэдээллийн сан, мобайл аппликэйшн ашиглах зааварчилгаа бүхий гарын авлага хийх, байгаль хамгаалагчдад танилцуулах  сургалт зохион байгуулан хэрэглээнд нэвтрүүлснээр Байгаль орчны мэдээллийн сан (eic.mn) веб сайт дахь мэдээлэл шинэчлэгдэх юм.

Ингэснээр Монгол Улсын тусгай хамгаалалттай газруудад тархан амьдрах зэрлэг амьтан, ургамлын зүйлүүдийн ажиглалтын мэдээ болон тэдгээрийн тархалтын мэдээг цуглуулах, тэдгээр мэдээг нэгтгэн боловсруулах, цуглуулсан мэдээнд дээр үндэслэн дүн шинжилгээ хийж тусгай хамгаалалттай газар нутгуудад биологийн олон янз байдлыг урт хугацаанд хянах, шинжлэх, цаашид тоо толгой, тархац нутаг нь буурч эсвэл тэлж байгаа эсэхийг тогтоон зүйлүүдийн хамгааллын үр дүнг тодорхойлох, цаашид хамгаалахад шаардлагатай арга хэмжээг менежментийн төлөвлөгөөнд тусгах ажил илүү хялбар, хүртээмжтэй болох юм.