Цаг үеийн мэдээ

Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.11 заалтын дагуу Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ дэмжих тухай хуулийн 5.1 заалт, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны А/168 тоот зөвлөмж, Сангийн сайдын 2021 оны 6076 тоот зөвлөмж зэргийг үндэслэн Орхон аймгийн Жаргалант сумын хүнсний ногоо тариалдаг иргэд, аж ахуйн нэгжүүдтэй энэ онд 500 орчим сая төгрөгийн худалдан авалтын гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. “Найрамдлын Эрдэнэс” хүүхдийн зуслан, “Эрдэнэт” сувиллын цогцолборын саам эмчилгээ, “Сэлэнгэ” амралтын бааз, ажилчдын халуун хоолны катеринг үйлчилгээ, “Москва петушки” ресторан, зочид буудлын бүтэн жилийн хэрэглээний төмс, байцаа, лууван, хүрэн манжин, сонгиныг Жаргалант суманд хүнсний ногоо тариалдаг гурван өрх, “Баясгалант Бат-Очир”, “Үрт ундрам” компани, 18 өрх хамтарсан “БЛГЯ” хоршоо нийлүүлэхээр гэрээлжээ. Эдгээр нь татвар төлдөг, хүнсний ногоо хадгалах стандарт шаардлага хангасан агуулахтай, итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлттэй, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдгийг нь орон нутгаас нь нотолсон, Эрдэнэт үйлдвэрийн шаардлага нөхцөлийг хангасан иргэд, аж ахуйн нэгжүүд юм.

Мөн Эрдэнэт үйлдвэр “Найрамдлын Эрдэнэс” хүүхдийн зуслан, саам эмчилгээ ажиллах хоёр сарын хугацаанд Булган аймгийн Хангал сумын “Алтэнтэвшийн ам”-нд зусаж буй таван малчин өрхтэй сүү нийлүүлэх 63 орчим сая төгрөгийн худалдан авалтын гэрээ байгууллаа. Сүүгээ хөөрүүлэн өрөм гаргаж, тараг бүрж зуслангийн хүүхдүүдийн хэрэгцээг хангаж байна. Малчид Эрдэнэт үйлдвэрт 1 литр сүүг зах зээлийн ханшаар нийлүүлж, сүүний гарцаас шалтгаалан нэг өрх 3-19 сая төгрөгийн орлого олох боломж бүрджээ.  

Эх сурвалж: Erdenettoday.mn