Цаг үеийн мэдээ

Монгол Улсаас Чех улсад суугаа ЭСЯ, Чех Улсын Төлөөлөгчдийн танхимын Чех-Монголын Парламентын бүлэгтэй хамтран энэ сарын 12-нд улс орноо сурталчлах, мэдээлэл түгээх арга хэмжээг ЭСЯ-нд зохион байгуулав.

Элчин сайд Д.Гансүх Монгол, Чехийн харилцаа, хамтын ажиллагаа, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх зорилтуудын талаар мэдээлэл өгөв. Улмаар Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, Европын холбооны орнууд, түүний дотор Чехийн жуулчид, урлаг, спортын тэмцээнд оролцогсод, кино контент хийх уран бүтээлчдийг Монголд визгүй зорчуулж эхэлсэн тухай, “Монголд зочлох жил”-ийн хүрээнд зохион байгуулагдах томоохон арга хэмжээний талаар мэдээлэл, танилцуулга хийв.

Чех Улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Чех-Монголын Парламентын бүлгийн дарга С.Берковец Парламентын бүлгийн үйл ажиллагааны тухай, Өргөмжит консул П.Рейхрт Монголд хэрэгжүүлж буй бизнес, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийн тухай, Прага хотын Амьтны хүрээлэнгийн захирал М.Бобек Тахийг эргэн нутагшуулах төслийн дараагийн шат буюу тахийг Дорнод аймгийн Халхгол сумын нутаг Сүмийн хоолойд сэлгэн нутагшуулах төслийн тухай тус тус мэдээлэв.

Арга хэмжээнд Төлөөлөгчдийн танхимын гишүүн М.Хаек, монголч эрдэмтэн Иржи Шима, Чехийн Аялал жуулчлалын агентлагуудын холбооны гүйцэтгэх захирал М.Вебер, Чехийн нэртэй юүтүбэр Т.Тоуха болон хэвлэл, мэдээллийн агентлаг, радио, сэтгүүл, вэб сайтын сэтгүүлчид оролцов.