Хүүхдийн спортын зуны VII их наадам Баянхонгор аймагт үргэлжилж байна. Нийслэлийн есөн дүүрэг, аймгаас хүрэлцэн ирсэн баг, тамирчид спортын 23 төрөлд авхаалж самбаа, хурд хүчээ сорьж байгаа юм.
Үүнтэй холбогдуулан Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханаас дараах тодруулгыг авлаа.
Хүүхдийн спортын зуны их наадам анх удаа хөдөө, орон нутагт зохион байгуулагдаж байна. Зохион байгуулагч аймгийн хувьд маш өндөр ач холбогдол өгсөн нь харагдаж байна. Зургаан удаа хотод зохион байгуулагдсан хүүхдийн спортын их наадмыг орон нутагт, ялангуяа Баянхонгор аймагт зохион байгуулах эрхийг авахад хөшүүрэг нь юу байв?
Баянхонгор аймагт Хүүхдийн спортын зуны VII их наадам нээлтээ хийж, тэмцээнүүд явагдаж байна. Манай аймагт зохион байгуулагдах болсон нь хэд, хэдэн үндэслэлтэй. Мэдээж аймаг, орон нутгийн зүгээс зохион байгуулах хүсэлтээ байгаагаа уламжилсан. Өөрөөр хэлбэл, энэхүү их наадмыг нутагтаа зохион байгуулж чадна гэдгээ холбогдох газруудад нь танилцуулж, ойлгуулсан. Тэр хүрээнд Баянхонгор аймагт хоёр, гурван ч удаа комисс ирж ажилласан. Тэд ямар ч асуудал алга, спортын наадмыг биднийг зохион байгуулж чадна гэж үзсэн. Өнөөдөр аймагтаа спортын 23 төрлийн тэмцээнийг явуулж, наадмыг зохион байгуулж байгаа нь үнэхээр гайхамшигтай санагдаж байна. Өдөр болгон тэмцээн, уралдаан болж, шагнал гардуулах үйл ажиллагаа үргэлжилж байна. Хамгийн гол нь, хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд тэмцээндээ оролцож,, өрсөлдөх ёстой. Ийм шаардлага, шалгуурыг зохион байгуулагчдын хувьд өөрсдөдөө тавьж ажиллаж байна даа.
Спортын 23 төрлийн тэмцээнийг зэрэг явуулна гэдэг амаргүй. Спорт заалнаас эхлүүлээд хүндрэл, бэрхшээл их шүү дээ?
Баянхонгор аймгийн төвд спортын 26 заал байдаг. Манайх баг болгондоо заалтай. Дээр нь, Баянхонгор аймаг бүх сумдад биеийн тамирын аргазүйчтэй. Тэднийг бүгдийг нь Баянхонгор сумандаа татаж авч ирсэн. Ингэхээр зохион байгуулалтын арга хэмжээ нь их хялбар байна. Одоо бол спортын 17 төрөл нь зааланд, зарим нь гадна талбайд болж байна. Ямар ч байсан бүх спорт заал шаардлага хангасан, зохион байгуулалтад ямар ч асуудал байхгүй, бэлтгэл ажлаа бид маш сайн хангасан. Холбогдох холбоод нь бидэнд мэргэжлийн чиглэл, заавар өгч байна. Цаашдаа ч гэсэн Баянхонгор аймгийн материаллаг бааз илүү сайжирна гэж хэлэх байна.
Хөрөнгө санхүү дээр хэр их хүч хаяв?
Мэдээж Биеийн тамир спортын улсын спорт хороо, яамнаас тодорхой хэмжээний санхүүжилтийг өгч байгаа. Наад зах нь, тамирчдын медаль, холбогдох дэмжлэг туслалцааг үзүүлж байна. Харин аймаг зохион байгуулж байгаагийн хувьд тэр хэмжээний дүйцэхүйц хөрөнгийг гаргана. Энэ бол хүүхдүүдийнхээ ирээдүйд хийж байгаа хөрөнгө оруулалт юм. Тийм ч учраас харамсаж, халагласан зүйл алга. Үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө хийж байгаа болохоор тэр. Дээр нь, өнөөдөр дэлхий нийтэд хүүхдүүдийн бие бялдрын хөгжил гэдэг зүйл бол тулгамдсан асуудал болсон. Хүүхдийн хүмүүжил, бие бялдрын хөгжил гэдэг бол хамгийн чухал зүйл болохоор энэ асуудалд тодорхой хэмжээний санхүүг зарцуулж байгаа гэж ойлгох хэрэгтэй.
Ингэхэд Баянхонгор аймгаас спортын хэдэн төрөлд, хэчнээн тамирчин оролцож байна вэ?
Манай аймгийн хувьд спортын 20 төрөлд оролцож байна. Хөгжөөгүй спортын зарим төрөл байна. Гэхдээ хөгжүүлнэ гэсэн үг. Нийт 201 тамирчин оролцож байна даа. Бид хүүхдүүддээ хэлдэг. Амжилт нэг хэрэг, хамгийн гол нь зөв шударга өрсөлдөх юм. Дээр нь шударга өрсөлдөх хэрэгтэй. Найзалж, нөхөрлөх хэрэгтэй. Ингэж байж хүүхдүүд маань сайн сайхан зүйлийг олж харж, бусдадаа үлгэрлэнэ. Ийм сайхан зүйл Баянхонгор аймагт үлдэнэ гэж бодож байна. Үүнийг бид авч үлдэх ёстой.