Цаг үеийн мэдээ

МҮОХ-ны Олимпын музейг ОУОХ-ны Хүндэт гишүүн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Магваны нэрэмжит болгох ёслол өнөөдөр Олимпик хауст боллоо.

Энэхүү арга хэмжээний хүрээнд Олимпын музейд Ш.Магваны Алдрын буланг бий болгож тохижуулсан юм.  

Ёслолын арга хэмжээнд нас сүүдэр 96 хүрээд буй “Олимпын өвөө” Ш.Магван гуай өөрөө хүрэлцэн ирж, МҮОХ-ноос үзүүлсэн хүндэтгэлд талархаж байгаагаа илэрхийлэв.

Нээлтийн арга хэмжээнд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, МУ-ын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпын аварга, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин, Олимпын түүх судлалын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ж.Баасанхүү, МҮОХ-ны Ерөнхийлөгч асан С.Жамц, “Мехико-1968” олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Сэрээтэр тэргүүтэй ахмад тамирчдын төлөөлөл болон Ш.Магван гуайн үр хүүхдүүд, ач зээ нар оролцлоо.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг энэ үеэр “Олимпын өдрийг угтсан цуврал арга хэмжээнүүд үргэлжилж, олимпизмоор амьсгалсан долоо хоног болж байна. Монгол Улсаас анх удаа ОУОХ-ны гишүүнээр сонгогдож, хойч үеийнхээ замыг нээж өгсөн Ш.Магван гуайд талархаж явдгаа илэрхийлье.  Олимпын музейг  анх Ш.Магван гуайн санаачилгаар 1987 онд байгуулсан түүхтэй. Харин өнөөдөр музей маань түүний нэрэмжит болж байгаад бахархал төрж байна” гэв.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван 1969 онд Биеийн тамир, спортын эвлэлийн Төв зөвлөлийн дарга бөгөөд МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр томилогдон 1978 он хүртэл ажиллаж байв.

Улмаар 1977 онд ОУОХ-ны гишүүнээр сонгогдсон бөгөөд 2007 оноос өнөөг хүртэл ОУОХ-ны хүндэт гишүүнээр улс эх орноо төлөөлөн ажиллаж байна.

Ш.Магваны нэрэмжит Олимпын музейд спорт, олимпизмын түүхэн ач холбогдол бүхий 3000 гаруй үзмэр хадгалагдаж байна. Өнгөрсөн жил Олимпын музейг давхардсан тоогоор 2000 гаруй хүн үзэж сонирхжээ.

Таны сурталчилгаа