Цаг үеийн мэдээ

Өвөрхангай аймгийн Их Монголын Хүчтэн Дэвжээний бөхийн галын сорилго барилдаан боллоо. Галын сорилго барилдаанд хүчит 64 бөх зодоглож, нутгийн уугуул төрийн түшээд, бизнес эрхлэгчид, бөхийн үнэнч дэмжигчид Түргэний гол, Бугын сангийн аж ахуй, Тоорил ханы хүрээнд хуран цуглав. 

Сорилго барилдааны үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ЗГ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Өвөрхангай аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга С.Далхаасүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, дэслэгч генерал Ц.Тогоо, БХЯ-ны дэд сайд асан Т.Дуламдорж, Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж, Өвөрхангай аймгийн засаг даргын орлогч И.Доржсүрэн, “Мөнхийн Үсэг” группийн ерөнхий захирал, улсын начин Д.Ганбат, бригадын генерал Т.Лодойдамба, хурандаа н.Батсайхан, Д.Мөнгөнжин, Ч.Гандирваа, Н.Пүрэвдорж, Богд сумын уугуул, “Богд” зочид буудлын захирал Г.Хосбаяр нарын хүндэт зочид хүрэлцэн ирсэн юм.

Мөн сорилго барилдааны үеэр Их Монголын Хүчтэн Дэвжээний тэргүүнээр Бүрд сумын уугуул, “Мөнхийн Үсэг” группийн ерөнхий захирал, улсын начин Д.Ганбатыг сонгож, шинэ тэргүүнд дэвжээний тамга, гэрчилгээ, тугийг гардуулсан бол Богд сумын уугуул, “Богд” зочид буудлын захирал Г.Хосбаяр Өвөрхангай нутгаас улсын цол хүртсэн бөхөд нэг өрөө байр бэлэглэхээ амлав. 

Дээр нэр дурдсан нутгийн уугуул төр нийгмийн зүтгэлтнүүд, бөхөд сэтгэлтэй бизнесменүүд болон Уянга сумын “Тайлган шарав” ҮБХ-ны тэргүүн, сумын заан Л.Баярсайхан, Баян-Өндөр сумын нутгийн зөвлөл, тус сумын “Бумбат” ҮБХ-ны тэргүүн И.Наранцогт, Төгрөг сумын ИТХ-ын дарга Ж.Намсрайжав, нутгийн зөвлөлийн дарга С.Батдорж, тус сумын “Хонгорын талын хүчтэн” ҮБХ-ны тэргүүлэгч гишүүн П.Сүхболд, Бат-Өлзий сумын уугуул “Ondo Space” ХХК-ийн захирал Б.Алтаншагай, Баян-Өндөр сумын уугуул, улсын арслан Б.Ганбаатарын хүү, мэргэжлийн сүмоч Г.Мөнхсайхан, Уянга сумын уугуул “Радиатор сервис” ХХК-ийн захирал Д.Баттүшиг нарын эрхмүүд нутгийн бөхчүүдийнхээ бэлтгэлд сэтгэлийн дэмжлэг, хандив өргөсөн юм.

Их Монголын Хүчтэн Дэвжээний галын сорилго барилдаанд улсын харцага Х.Гантулга, Б.Цэдэнсодном, Ц.Бямба-Отгон, улсын начин Л.Батзориг нарын тэргүүтэй хүчит 64 бөх зодоглосноос Төгрөг сумын харьяат, улсын харцага Ц.Бямба-Отгон түрүүлж, Хархорин сумын харьяат, аймгийн хурц арслан О.Наранбаатар үзүүрлэж, Баян-Өндөр сумын харьяат, аймгийн арслан Л.Батсайхан, Зүүнбаян-Улаан сумын харьяат, аймгийн харцага Б.Өлзийсайхан нар шалгарлаа. 

Таны сурталчилгаа