Цаг үеийн мэдээ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны үеэр ёс зүйгүй үйлдэл гаргасан бөхчүүдийг цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухайн хуулийн дагуу шалгаж байна. 

Монгол улсын даян аварга Н.Батсуурь, Улсын арслан Ц.Содномдорж, Улсын заан Б.Батмөнх, аймгийн арслан П.Эрхэмжаргал нарыг Зөрчлийн тухай хуулийн 6.28 дугаар зүйлд заасан Үндэсний их баяр наадмын тухай хууль зөрчих гэх заалтаар шалгаж байна. 

Тодруулбал Үндэсний баяр наадмын бөхийн барилдааны 8-ын даваанд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, Монгол Улсын харцага Ц.Бямба-Отгон нар барилдаж, Н.Батсуурь өвдөг шороодсон. Өвдөг шороодон унасныхаа дараа салаавч гаргасан байж болзошгүй үйлдлээр, 

Мөн 4-ийн даваанд Монгол Улсын арслан Ц.Содномдорж нь цэргийн арслан Г.Жамбалдоржийн хүзүүг тохойлдож, биед нь халдсан гэх асуудлаар, 

3-ын даваанд аймгийн арслан П.Эрхэмжаргал нь Монгол Улсын харцага Л.Лха-Очирт унасан. Улмаар тахимаа өгөх үеэрээ харцага Л.Лха-Очирийг түлхэж, биед нь халдсан асуудлаар шалгагдаж эхэлсэн байна.

Түүнчлэн Төв аймгийн 100 жилийн наадмын бөхийн барилдаанд Монгол Улсын заан Б.Батмөнх, Монгол Улсын начин Д.Хүдэрбулга нар тунан барилсан. Уг барилдаанд улсын заан Б.Батмөнх өвдөг шороодсоныхоо дараа газар цохин боссон нь олон нийтийг үл хүндэтгэсэн гэх асуудлаар шалгагдаж байна. 

 

Таны сурталчилгаа