Мас-Рестлинг буюу модон барилдааны спорт манай улсад шинээр хөгжиж байгаа спортын төрөл юм. Уг спорт нь Оросын Холбооны Улсын Сахагийн ард түмний үндэсний өв соёлын нэг бөгөөд Монгол Улсын хувьд Олон улсын Мас-рестлингийн холбоонд 2012 онд элсэн орж, 2014 оноос улсын аваргын тэмцээнийг тасралтгүй зохион байгуулж ирснээр энэхүү спортын төрөл олон нийтэд танигдаж эхэлсэн юм. Одоогоор манай улсад модон барилдааны төрлөөр нийт 100 гаруй тамирчин хичээллэж тив, дэлхийн аваргын тэмцээнүүдэд амжилт үзүүлсээр байна.
Энэ онд Монголын мас-рестлингийн холбоо анх удаагаа өсвөр, насанд хүрэгчид, үнэмлэхүй гэсэн 3 жингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг өөрийн эх орондоо амжилттай зохион байгуулжээ.
Уг тэмцээнд монголын модон барилдааны холбоо нийтдээ 8 алт, 14 мөнгө, 19 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр насанд хүрэгчдийн баг 167 оноогоор 2 дугаар байр, өсвөрийн баг тамирчид 146 оноогоор тэргүүн байрт орж алтан цомын эзэд болжээ.
Тэдгээрийн дотор Монгол Улсаа төдийгүй Зэвсэгт хүчний Агаарын цэргийг төлөөлөн Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 113 дугаар тусгай ротоос насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн - 60 кг-ын жинд ахлагч Б.Хүрэлбаатар, - 65 кг-ын жинд ахлагч Ц.Пүрэвсүрэн, эмэгтэйчүүдийн - 65 кг-ын жинд дэд ахлагч Х.Лхагвадолгор нарын 3 тамирчин оролцсон юм. Тэднээс эмэгтэйчүүдийн - 65 кг-ын жинд Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 113 дугаар тусгай ротын планшетчин дэд ахлагч Х.Лхагвадолгор хүрэл медаль, эрэгтэйчүүдийн - 65 кг-ын жинд өрсөлдсөн Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 113 дугаар тусгай ротын харуулчийн ахлагч Ц.Пүрэвсүрэн алтан медаль хүртэж Монгол Улсын модон барилдааны анхны Азийн аварга болсон байна.
Ахлагч Цэрэнцогзолын Пүрэвсүрэн нь 1994 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн. 2003-2013 онд тус сумын Ерөнхий боловсролын сургууль, 2014-2015 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийн, Ахлагчийн сургуульд суралцаж наводчик мэргэжлээр төгссөн. Цэрэгжилтийн спортын туухай өргөлтийн төрөлд Монгол Улсын спортын мастер цолтой тамирчин юм.
Ази тивийн аварга Ц.Пүрэвсүрэнтэй уулзахад тэрээр “Ази тивийн аварга шалгаруулах тэмцээндээ түрүүлсэндээ баяртай байна. Энэхүү тэмцээнд оролцсон нийт баг тамирчдад баяр хүргэе. Мас–рестлинг нь дэлхий нийтэд шинээр хөгжиж буй спортын төрөл төдийгүй бие бялдрыг өв тэгш хөгжүүлэх, хурд, хүч, тэсвэр тэвчээр шаардсан сонирхолтой спорт юм. Та бүхэн энэхүү спортоор хичээллээрэй” гэдгийг залуучууддаа болон цэргийн алба хаагчдад уриалсан юм.