Цаг үеийн мэдээ

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас 2022-2023 оны сургуулийн жилд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан харьяа нэгтгэл, ангиуддаа “Хүний хөгжлийн эко, ногоон орчныг бүрдүүлье” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ нь алба хаагчдынхаа ажиллаж амьдрах орчин нөхцөлийг дээшлүүлэх,  эх орныхоо байгаль, экологийн тэнцвэртэй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, харьяа нэгтгэл, ангиудыг жишиг ногоон хотхон болгох зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэжээ.

Тэгвэл Хуурай замын цэргийн командлалынхан төслийг хэрэгжүүлэхэд бусдадаа үлгэрлэн манлайлах хүрээнд орчны ногоон байгууламжаа нэмэгдүүлж, түүнийг дагасан бүтээн байгуулалтыг өөрсдийн нөөц бололцоогоор тасралтгүй өрнүүлж, орон нутагтаа төдийгүй төрийн цэрэг болон хууль сахиулах байгууллагуудад сайн жишиг тогтоогоод байна. 

May be an image of grass and hospital

Тухайлбал, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн инженерийн офицер, ахлагч нар хоёр сарын хугацаанд орчин үеийн шийдэл бүхий хуурай усан оргилуурыг командлалын гадна талбайд байгуулж, ашиглалтад оруулжээ. 200 метр талбайг хамарч, төв болон зургаан хэсэг бүхий хоёр жигүүрээс бүрдсэн энэхүү том бүтээн байгуулалт нь 30 хүртэлх тонн нөөцлөх усан сан, цагт 10-20 тонн ус шахах хүчин чадалтайгаас гадна шөнийн цагт зургаан өнгөөр солонгорон цацрах гэрэлтэйгээр инженерийн дайчид бүтээсэн байна. 

Хамгийн давуу чанар нь усан оргилуурын байгууламж, тоног төхөөрөмжүүд нь газар дор байгуулагдсан бөгөөд ажиллаагүй үед жагсаалын үзлэг болоод бусад үйл ажиллагаагаа явуулах боломжтойгоор бүтээгдсэнээрээ онцлог аж. Энэ нь хөдөлгөөний аюулгүй байдалд ямар ч саадгүйгээр бүтээгдсэн орчин үеийн шийдэл бүхий байгууламж гэсэн үг юм. 

May be an image of grass

Усан оргилуураас гадна командлалын болон албан тушаалын 30 айлын орон сууцны эргэн тойрон дахь 5000 метр талбайг зүлэгжүүлж, 2000 цэцгийн мандал суурилуулж, авто зам дагуу гацуур болон агч модны үрсэлгээг тарьж, арчлан ургуулж байна. Ногоон байгууламжийг дагасан усалгааны систем, саравч хашаа, сүүдрэвчийг өөрсдийн хүчээр барьж байгуулан алба хаагчдынхаа ажиллах орчин нөхцөлийг дээшлүүлсэн бодит ажлуудыг сүндэрлүүлжээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд тэргүүлэх үүрэгтэйгээр оролцож, нэгтгэл, ангиуддаа сайн жишиг тогтоох үүднээс мөн 2022 онд 50 хүртэлх авто машины зогсоол, командлалын гадна пассатны гэрэлтүүлэг зэргийг өөрсдийн нөөц бололцоогоор гүйцэтгэсэн байна.