Цаг үеийн мэдээ

Хамаг Монгол төслийн санаачлагч", Удирдагч Монгол Улсын Гавьяат жүжигчин, Бүгд найрамдах Тува Улсын Гавьяат жүжигчин, дуучин Самандын Жавхлан бие даасан тоглолтоо 9 сарын 30-нд 14:00 цагаас "Төв цэнгэлдэх хүрээлэн"-д хийнэ. Тус тоглолт нь түүний уран бүтээлийн сүүлийн тоглолт болно хэмээн мэдэгдлээ.

Дуучин С.Жавхлан хүрэлцэн ирсэн үзэгчдийн мэлмий, сонорыг баясган цэнгүүлж, сэтгэлд хоногшсон хуучны болон шинэхэн уран бүтээлүүдээ эгшиглүүлэн нэгэн мартагдашгүй үдшийг өнгөрүүлэхийг зорьж байна. Тэрбээр "Хурай" нэртэй шинэ дуугаа дүрсжүүлэн бямба гарагт нийтэд хүргэсэн юм. 

Тоглолтод нийтийн дууны салбарт нэрээ өргөсөн шилдэг дуучид урилгаар оролцох болно. Тодруулбал МУГЖ Т.Баясгалан, Л. Болдбаатар, МУСТА Л.Банзрагч, А.Мөнхбат, Д. Бурмаа, Д. Хишигбаяр, Р.Дэлгэрмаа болон залуу уран бүтээлчид, Монгол Улсын морин хуурын чуулга хүрэлцэн ирнэ.

Тоглолтын өдөр дулаахан, нарлаг байх төлөвтэй бөгөөд зохион байгуулах багийн зүгээс ахмад настай сонсогчдод зориулан "Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гол хэсэгт тустай суудал нэмэлтээр засах гэнэ. Түүнчлэн дуучин С.Жавхлан Өвөр Монгол, Тува, Халимаг, Буриад зон олноо тоглолтдоо мөн урьсан бөгөөд хүрэлцэн ирэх сонсогч түмнээ үндэсний дээлээр гоён ирж, намрын нэгэн уянгалаг үдшийг хамтдаа сэтгэл дулаан өнгөрүүлэхийг уриаллаа.

Энэ жил МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар хамтран дуулсны 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд тэд "Дулаахан намар" тоглолтод зориулан хуучны болон шинэхэн уран бүтээлүүдээ хамтран дуулж бэлэг барина.

Мөн дэлхийн өнцөг булан бүрд байгаа халуун сэтгэлт монгол ахан дүүстээ зориулан тоглолтын шууд дамжуулалтыг хаалттай группт нэвтэрч чанарын өндөр түвшинд үзэх боломжийг бүрдүүлжээ.

Тасалбарыг Ticket.mn, 1900-1950 дугаарт залган хүргүүлэн авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг "Javkhlan Samand" фэйсбүүк хуудаснаас лавлаарай.

Таны сурталчилгаа