Цаг үеийн мэдээ

Индонези улсын Сулавеси арал дээр никелийн үйлдвэр дэлбэрч, дотор нь байсан 13 ажилчин амь насаа алдаж, хэдэн арван хүн гэмтэж шархадсан байна. Хятадын санхүүжилттэй үйлдвэрт болсон ослын улмаас амь үрэгдсэн ажилчдын найм нь Индонезийн, тав нь Хятадын иргэд байжээ. 

Үйлдвэрийн зууханд засвар хийх үеэр шатамхай шингэн ноцож, ойролцоох хүчилтөрөгчийн нөөцлүүрт хүрч дэлбэрэлт болсон байна. Индонези улс нь никелийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг бөгөөд уг металлыг ган төмөр, автомашины зай хураагуурт ашигладаг ажээ. 

Урьдчилсан байдлаар дэлбэрэлтийн шалтгааныг хүчилтөрөгчийн нөөцлүүр саванд гал хүрснээс болсон гэж таамаглаж байгааг Моровали аж үйлдвэрийн паркийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Хятадын компанийн эзэмшилд байдаг Индонезийн Моровали аж үйлдвэрийн паркийн зүгээс бүх хохирогчдод зохих ёсны нөхөн төлбөр олгохоо мэдэгдсэн байна. 

Хятад хямд өртөгтэй цахилгаан автомашины үйлдвэрлэлийг дэмжих үүднээс никелийн үйлдвэрүүдэд хөрөнгө оруулаад байгаа юм. Тиймээс никель нь Индонезийн эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэх болжээ. Индонезийн Засгийн газар 2020 оноос боловсруулаагүй төмөрлөг экспортлохыг хориглосны дараа гаднын улс орнуудаас олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татсан байна. Аж үйлдвэрийн паркууд баригдахын зэрэгцээ үйлдвэрийн осол гэмтэл ч эрс нэмэгджээ. 

Эх сурвалж: bbc.com