Цаг үеийн мэдээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный 2021 оноос хойш хоригдож байгаа бөгөөд энэ сарын 6-ны өдөр түүний туслахууд холбоо тасарсан тухай мэдээлсэн. Тэгвэл өчигдөр буюу зул сарын баярын өдөр Оросын Засгийн газрыг хурцаар шүүмжлэгч Навальный амьд ба өмнөх хорих ангиас нь шилжүүлсэн болохыг түүний туслах Кира Ярмуш мэдэгджээ.

Ярмуш Телеграм сүлжээнд “Алексей зүгээр байгаа. Өмгөөлөгч нь өнөөдөр түүнтэй уулзсан” гэж бичсэн байна. Навальныйг хойд туйлын Сибирийн бүс дэх алслагдсан IK-3 хорих анги руу шилжүүлжээ. Туйлын чоно гэж нэрлэгддэг Оросын хамгийн хүнд хэцүү нөхцөлтэй уг хорих анги нь Янало-Ненецкийн автономит дүүргийн Харп хотын нутаг дэвсгэрт харьяалагддаг байна. Энд онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хоригдлуудыг авчирдаг аж. Навальный өмнө нь Москвагаас зүүн тийш 235 км-т байдаг Мелеховогийн хорих газарт ял эдэлж байсан юм. 

Навальныйгийн туслах Ярмуш Оросын эрх баригчид санаатайгаар түүнийг алс холд тусгаарласан гэж үзэж байна. Сөрөг хүчний удирдагчийг алс холын шоронд шилжүүлснээр өмгөөлөгчид нь түүнтэй уулзахад маш хэцүү болж байгааг Кремлийн эрх баригчид тооцоолсон гэж үзэж байгаа юм. 

Эх сурвалж:BBC.com