Япон улсад өчигдөр болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараа барилга байшингийн нурангид дарагдсан иргэдийг аврах ажлыг аврагчид цаг хугацаатай уралдан гүйцэтгэж байна. Одоо мэдэгдэж байгаагаар 30 орчим хүн нас барсан болохыг баталгаажуулсан гэж Ишикава мужийн эрх баригчид мэдээллээ.
Хүчтэй газар хөдлөлтийн дараах чичирхийллийн давтамж өндөр, зам гүүр эвдэрсэн болоод нурсан байшин барилга, эвдэрсэн машинууд аврагчдын замд багагүй саад болж байна. Газар хөдлөлтөд хамгийн их өртсөн Ишикава мужийн орчимд галт тэрэг, усан замын тээвэр, нислэгүүдийг түр хугацаанд зогсоожээ. Өчигдөр 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойш 24 цагийн хугацаанд дээд тал нь 5.4 магнитудын хүчтэй 30 гаруй удаагийн давтамжтай чичирхийлэл бүртгэгдсэнийг АНУ-ын газарзүйн судалгааны газар мэдээлжээ.
Газар хөдлөлтөд хамгийн их өртсөн Важима хотод зуу гаруй байшин барилга шатсан. Далайн эргийн бүсээс 62,000 иргэнийг нүүлгэн шилжүүлсэн ба цэргийн бааз дээр 1,000 иргэн түр орогнож байна. Өчигдөр газар хөдөлсний дараа гурван метр орчим өндөр цунами үүсч болзошгүй гэсэн сэрэмжлүүлэх дохио дуугарсан ч уг дохиоллыг унтраасан. Гэхдээ Хоншу арлын эргүүдэд метр орчим өндөр цунамийн давлагаа үүсч загасчлалын завиуд хөмөрч живсэн тохиолдол гарчээ.
Газар хөдлөлтөд өртсөн бүсэд 45,000 орчим айл өрх гэрэл цахилгаангүй байгаа бөгөөд Ишикава мужийн хэд хэдэн хотод ундны ус тасарсан байна. Японы Батлан хамгаалахын сайд Минору Кихарагийн хэлснээр армийн 1,000 орчим бие бүрэлдэхүүнийг байгалийн гамшигт өртсөн бүсэд нэмж илгээхээр болжээ. Мөн гарз хохирлыг хэмжээг тооцоолж, судалгаа хийхэд армийн 20 онгоцыг ашиглаж байна.