“THE HU” хамтлагийн продюсер Б.Дашдондогтой ярилцлаа.
-ЛАТИН АМЕРИК РУУ ОРОХ СОНИРХОЛ ИХ БАЙГАА-
-“THE HU” хамтлаг монголдоо ирчихсэн байна уу. Сүүлийн үеийн сонин хачнаас ярилцлагаа эхлэх үү?
-Хамтлаг 2023 онд маш их аялан тоглолттой байлаа. АНУ, Европын холбооны улсууд, Азийн зарим орнуудаар тоглолтуудаа хийгээд, өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлээр монголдоо ирсэн. Хэсэг амарсан. Одоо бол шинэ уран бүтээлийн ажилдаа орчихлоо. 2024 оны түүврийн ажлуудаа эхлүүлээд, тэрхүү ажлуудаа зохион байгуулаад, америкт байгаа “VOLVES intertaiment” гээд Хү-гийн менежмэнтийн баг маань тэндэх зохион байгуулалтаа хийж байна. Тоглолтуудаа бүгдийг нь бүүкинг хийгээд явж байгаа. Энэ жил нэлээд олон тоглолтуудтай, хажуугаар нь шинэ уран бүтээлүүдтэй ийм он жилүүд ирж байна даа.
-Гадны агентлагуудтай байгуулсан гэрээ ямар шатандаа яваа вэ. Хугацаа дуусах болж байгаа юу?
-Манай гэрээ дуусах болоогүй. Бидний гэрээнд таван альбом хийхээр тусгагдсан. Түүнийхээ дагуу ажиллагаанууд явагдаж байна. Одоо дөнгөж гурав дахь цомгийн ажил л эхэлж байгаа. Үүний дараа дахиад 2-3 цомгийн ажил бас үлдсэн.
-Шинэ цомогт ямар дуунууд багтах вэ. Цомгийн талаар жаахан нууц задалж болох уу?
-Ерөнхийдөө одоогийн цаг үед амьдарч байгаа хүмүүсийн амьдралын хэв маяг, ертөнцийг үзэх үзэл, хаана яваад байна, юу хийж байна, бид яаж өөрчлөгдөх ёстой вэ, цаашдаа ямар байх ёстой вэ, байгал дэлхийтэйгээ яаж харьцаж амьдрах ёстой вэ, хүн гэдэг талаасаа бид ямар байх ёстой вэ гэх мэтийг харуулсан шинэ цомог хийнэ.
-Цомог хэдэн дуунаас бүрдэх вэ?
-Одоогоор хэлж мэдэхгүй л байна. Хийж байгаад л болно доо. Үндсэн хэлэх санаа маань бүрэн гүйцэт гарч чадаж байна уу гэдэг дээрээ бодно. Дутуудуулж болохгүй. Илүүдүүлж ч болохгүй. Хэлэх гэсэн санаагаа бүгдийг нь гаргах нь чухал. Тэгэхээр дууны тоо одоогоор тодорхой биш.
-Хамтлагийн хувцас загвар өвөрмөц байдаг шүү дээ. Дизайнеруудын хамтын ажиллагаа үргэлжилж байгаа юу?
-Нэлээд олон хувцас дизайны компаниуд шинэ хувцсан дээр ажиллаж байгаа. Шинэ загварууд маань мөдхөн гарч ирэх байх. Сайхан сайхан загварууд гарч ирсэн байна лээ. Түүнийгээ хийх явц нарийн шүү дээ. Зурган дээр харагдах, яг амьдрал дээр хийгээд гаргаад ирэхийн хооронд асар их зөрүү бий. Материалын сонголт, загварынхаа үндсэн хандлагуудыг яаж тавьж байна. Орчин үетэйгээ хөл нийлүүлж байна уу. Үндэсний хэв маягаа хадгалж чадаж байна уу. Тодорхой хэмжээнд Хүннү рок гээд урсгал явж байгаа болохоор урсгалынхаа өнгө төрхийг харуулж чадаж байна уу гэдэг дээр урт хугацааны л ажил болж байх шиг байна.
-Энэ жил хэдэн орноор аялан тоглолт хийх вэ. Ази болон европын орнуудаар тоглолтоо хийгээд явахад үзэгчдийн ялгаа гарч байна уу. Хүннү рок гэх шинэ урсгалыг яаж мэдэрч, хүлээж авч байна вэ?
-Европын орнууд, америк тивийнхэн илүү их сонирхож байна. Яагаад гэвэл тэд өөрсдөө маш олон жил рок урсгалыг сонсоод, ойлгоод, мэдэрчихсэн улсууд. Тэр чинээгээр Хүннү рок урсгал гараад ирэхээр тэдэнд цоо шинэ өнгө төрх, цоо шинэ мэдрэмж, маш хүчтэй мэдрэмж төрүүлсэн урсгал болж байгаа. Ер нь очих болгонд үзэгчид дүүрэн байдаг. Билетүүд бүгд зарагдаж дуусдаг. Азийн орнуудаар бид нэлээд тоглолтууд хийсэн. Японы Фүжи рок гээд фестивальд оролцсон. Малайз, Индонезид очиж тоглосон. Одоогоор хятадаас нэлээд захиалгууд орж ирж байна. Түүн дээр манай менежмэнтийн багийнхан, агентууд маань ажиллаж байгаа байх. Ерөнхийдөө бид Австрали, Канад, Америкаар их явсан. Латин Америк руу орох сонирхол байгаа. Яагаад гэвэл Латин Америк рокыг маш их сонирхдог. Тийшээ чиглэх санаа бий. Ирээдүйн төлөвлөгөөнүүд тиймэрхүү маягаар явж байна.
-МЭРГЭЖЛИЙН ГАДНЫ УЛСУУДЫГ АВЧИРЧ ТОГЛОЛТОО ХИЙНЭ-
-Монголдоо тоглолтоо хийх бодол бий юу?
-Монголдоо нэг гоё тоглолт хийнэ гэж бодож байгаа. Аялан тоглолтын маань цаг хугацаа яаж таарах нь уу гэдгээсээ хамаараад тоглолтоо хийхэд жаахан түвэгтэй асуудлууд гарч ирж байна. Гэхдээ монголдоо хийх тоглолтоо мэргэжлийн өндөр түвшинд маш сайн зохион байгуулалттай, багийнхнаа бараг тэндээс дуудаж авчирч таарах байх. Мэргэжлийн өндөр түвшинд дуугаргасан маш чанартай тоглолт хийнэ гэсэн бодол бий.
-Монголчууд хамтлагийг эх орондоо тоглуулах хүсэлт тавьж байна уу?
-Ер нь их ирдэг. Тоглолтоо хийхдээ нэлээд том газар, олон хүн цуглуулсан тоглолт зохион байгуулна гэж бодоод л байгаа.
-Монголд энэхүү дугаралт, гэрэл гээд чанарын шаардлага хангасан тоног төхөөрөмж, техник хэрэгслүүд бий юу. Эсвэл менежмэнтийн багтайгаа хамт техник тоног төхөөрөмжөө авчрах уу?
-Монголын нөхцөлд одоо техник тоног төхөөрөмж сайн болчихсон. Гол нь түүнийгээ хэрэглэж байгаа, дугаргаж байгаа байдал нь жаахан тиймэрхүү харагдаж байгаа. Өнгөрсөн жилүүдийн тоглолтыг харахад нэлээд моушнтай сайхан тохируулсан байж дугаралтууд жаахан сулдуухан. Төв стадионд 30-аад мянган хүн цуглачихаад байгаа шүү дээ. 30-аад мянган хүнд тааруулж юмаа зохицуулж хийнэ гэдэг мэргэжлийн асуудлууд байгаа. Тэгэхээр мэргэжлийн гадны улсуудыг авчирч тоглолтоо хийнэ гэж бодоод байна.
-Хү хамтлаг гадныханд монгол брэнд болон танигдаж байна. Үүний давуу талууд юу байна вэ?
-Хү хамтлаг монголчуудын оюун санааны талаар, ертөнцийг үзэх үзлийн талаар, ямар бодолтой хүмүүс байдаг юм, байгаль дэлхийтэйгээ яаж зохицож амьдарч чаддаг хүмүүс вэ гэдэг талаас нь харуулахыг зорьсон. Гадны улсууд монголыг ирж сонирхох хүсэл нь маш их төрж байна шүү дээ. Өнгөрсөн жил 600-гаад мянган жуулчин ирлээ гэж байна. 1 тэрбум гаруй ам.долларын орлого олсон гэнэ. Энэ бол амжилт. Энэ нь Хү хамтлагийн гадаадад гарснаас хойш Монгол Улсад аялал жуулчлалаар үзүүлж буй бас нэгэн үр дүн. Үүнд спортынхон, урлагийнхан, оюуны бядаараа гялалзаж байгаа хүүхдүүд байна. Тэдний нэр хүнд орно. Дээр нь Хү хамтлагийн нэр хүнд орж байгаа. Би яагаад ингэж хэлээд байна гэхээр өнгөрсөн жилийн наадмын сурвалжилгын багууд стадион тойрч яваад гадны зарим нэг таарсан хүмүүсээс ярилцлага авахад 3 хүний 2 нь л бараг Хү хамтлагийг сонсдог. Хү-гийн нутгийг үзэхээр төлөвлөж наашаа ирлээ гэж ярьж байгаа юм. Хүн болгон л түүнийг сонссон байх. Үүнд Хү хамтлагийн оруулж буй хувь нэмэр их байгаа. Яагаад гэвэл одоо үед чинь оюун санааны дайн явагдаж байна. Тэгэхээр улс орнуудын урдаа барьдаг зүйл нь урлагийн багууд. Урлагийн багуудаа дэлхийд нэр хүндтэй болгож урдаа гаргаж тавьчихаад ард нь бизнесүүд нь, эдийн засаг нь тэр чигээрээ дагаад явж байдаг. Ийм болчихсон. Үүнтэй ижлээр Хү хамтлаг маань дэлхийд гарч байгаа гол ач холбогдол нь Монгол Улсаа дэлхийд таниулах, ямар ард түмэн байдаг вэ, ямар оюун санааны хөрөнгөтэй вэ, яаж байгаль дэлхийтэйгээ харьцдаг вэ гэх мэтчилэн зүйлүүдээ ойлгуулаад, сонирхуулаад, Монгол гэдэг нэрийг өндөрт өргөөд, гаргаад ирэхээр хүмүүс өөрсдөө хүссэн хүсээгүй тэр улс орныг сонирхож эхэлнэ. Очиж үзэхийг хүснэ. Сонирхлыг нь татаж эхэлнэ. Тэр чинээгээрээ аялал жуулчлал маань хөгжинө. Түүнийгээ дагасан бизнесүүд хөгжинө, орлого нэмэгдэнэ. Тэр ч утгаараа гадны зарим нэг улс орныхонтой аялан тоглолтоор явах үедээ шоглох, элэглэх байдлаар тоглож үзэхэд өөрсдийн улсаас гарсан уран бүтээлчдээ, урлагийнхнаа маш их хамгаална. Маш их харамладаг хүмүүсээс. Муу хэлбэл их дургүй байх жишээтэй. Энэ бол маш чухал зүйл л дээ. Тийм ч учраас монголчууд ямар салбар нь хамаагүй гадагшаа гарч л байвал маш сайн. Тэднийгээ ч бусад нь дэмжээд, харамлаад, хайрлаад явах нь чухал.
-Хамтлагийнхан аялан тоглолтоор их явдаг. Цагийн зөрүү болоод ядаргаагаа хэрхэн тайлж байна вэ?
-Монголчууд өөрсдөө аль ч улс оронд, аль ч цагт зохицоод амьдарч чаддаг онцлогтой хүмүүс. Тэр утгаараа манай хамтлагийн залуус ачааллыг маш ихээр үүрч байгаа. Ажиллахын хэрээр өөрсдийнхөө амрах, унтах, идэх зэргийг маш сайн зохицуулаад сурчихсан. Энэ маш чухал. Урьд нь сэтгэл жаахан хөөрдөг. Анх явж үзэж байгаа газруудаараа явахаар сэтгэл нь догдолно. Тэр хэрээрээ нойр дутуу авах зэрэг асуудал үүснэ. Нэг хотоос нөгөө хот руу Улаанбатаараас Увс, Ховд орох хэмжээний 1000-2000 км газрыг туулдаг. Эхний хэдэн жил залуус маань үзэх ёстойгоо үзээд, харах ёстойгоо харчихсан. Одоо бол дахин очиж байгаа болохоор амралтаа сайн авна. Тоглолтынхоо цагаар өөрсдийгөө сайн амрааж чадсан болохоор тоглолтоо яс хийнэ. Долоо хоногтоо бараг 5-6 тоглолт хийж байгаа шүү дээ. Энэ маш их тоглолт гэсэн үг. Нэг долоо хоногт авч байгаа ачаалал маш өндөр байгаа. Хүмүүс хамгийн түрүүнд юу хардаг вэ гэхээр маш сайхан аялаад байна, зугаалж байна, жаргалтай яваад байна, асар их мөнгө олж байгаа гэж ярьдаг л даа. Тийм комментууд маш их харсан. Гэхдээ энэ бол тийм биш. Ажил хийхэд тодорхой хэмжээнд оюун санааны хувьд, ачааллын хувьд асар их зардал гарч байгаа. Хүмүүс зардлыг ерөөсөө ярьдаггүй. Автобус хөлслөөд явах өртөг, найман хүний онгоцны билет ирж очих, буудлууд, идэж ууж байгаа хоол хүнс, тэдний ард ажиллаж байгаа гадаадын том том тонэмистрүүд, менежрүүд, тайзны ажилтангууд, гэрлийн инженерүүд гээд маш олон хүн дагалдаж явдаг. Техник тоног төхөөрөмжийн багийнхан. Зөвхөн бөмбөрийг зоодог хүн тусдаа. Гитаруудыг хөглөдөг хүн тусдаа. Хөгжмөө дугаргадаг хүн тусдаа. Гэрлээ ажиллуулдаг хүн тусдаа гээд маш олон командаас бүрдсэн баг дагаж яваа. Тэд бүгд цалингаа авдаг. Энэ ажил маань мэргэжлийн өндөр түвшинд зөв явж байж цаашдын зам нь зөв явна. Тиймээс эдгээр зүйл нь дутуудвал хамтлагын сонсогдох нь ямар байх вэ. Харагдах нь ямар байх вэ. Үйл ажиллагаа нь яг цагтаа явж чадахгүй тасалдаад байвал хүмүүс яаж хүлээж авах вэ. Энэ бүгд маш өндөр хариуцлага байдаг. Үүнийхээ дагуу залуучууд маань өөрсдөө яг цагаа барьж, амралтаа зөв зохицуулж, хоол ундаа зөв идэж ууж, маш өндөр хөлс төлж ажиллуулж байгаа тэр командын улсуудтай маш зохицож ажилладаг. Цагаа яс барьдаг. Энэ нь өөрөө зардал өндөртэй зүйл шүү дээ. Ямар Монгол Улсынхаа хэдэн аймгаар нэг жийп хөлөглөөд явж байгаа биш шүү дээ. Шал өөр юм. Тэр эдийн засгийн өндөр хөгжилтэй орны зардлыг тооцвол маш өндөр өртөгтэй юм шүү. Одоо л бид дөнгөж юмаа ойлгоод, хөлөө олоод, цааш яаж явах вэ гээд төлөвлөгөө боловсруулаад сайхан явж байгаа юм. Одоо л бүх юм жигдэрч эхэлж байна гэж ойлгож болно.
-Энэ их завгүй аялан тоглолт, ажлуудын хажуугаар бэлтгэлээ хэрхэн зохицуулж байна вэ?
-Улаанбаатарт байхдаа бид бэлтгэлээ сайн хийдэг. Очсон хойноо тонэмистрүүдтэйгээ, гэрлийн инженерүүдтэйгээ хөгжим гэрлийнхээ асуудлыг бүгдийг нь нийлүүлж тохируулж дугаргах нь маш чухал байдаг. Энэ ажлуудыг тухайн газраа 4-5 хоног үргэлжлүүлж хийдэг. Бүх зүйлээ яс бэлдсэний дараа бид тоглолт руугаа гардаг.
-АНХНЫ АВСАН АМЕРИКЫН МЕНЕЖМЭНТИЙН БАГ МАШ МУУ АЖИЛЛАСАН-
-Өнгөрсөн жил нэг асуудал гарсан шүү дээ. Хү хамтлагийн менежмэнтийн баг олсон орлогоос нь завшсан гэх мэт мэдээлэл гарсан. Тэр асуудал юу болсон бэ?
-Тэр менежмэнтийн баг маш их алдаатай, маш муу ажилласан. Анхны авсан америкын менежмэнтийн баг маш муу ажилласан. Тэдгээр улсууд өөрсдөдөө маш их ашиг олохыг бодсон. Ийм сонирхол нь илүү их давамгайлсан. Өөрсдийнхөө хувийн ашиг сонирхлыг маш өндөрт тавьсан байдлаар ажиллаж, ажлуудыг зохион байгуулж явж ирсэн байна. Хамтлагт ямар ачаалал ирж байгаа, хамтлагт ямар асуудал тулгарч байгаа, хоол хүнс нь яаж байна, онгоц нь яаж байна, замдаа ядарч байна уу, үгүй юу гэдэг асуудал чухал биш. Маш их тоглолт хийлгэж байгаад, өөрсдөө маш их мөнгө л олоод байх ашиг сонирхлоор хандаж байсан. Тэр нь буруу байсан. Эдгээр менежмэнтийн багуудтай бид гэрээнүүдээ цуцлаад дуусгасан. Lebal компани ажилладгаараа ажиллаж байгаа. Lebal компаниас наана хамтлагийг өөрийг нь төлөөлж явдаг менежмэнт компаниуд тусдаа байдаг. Тэр компаниуд маань маш хариуцлагагүй ажилласан. Бид ч бас анх удаа оролцож, хамтран ажиллаж байгаа учраас алдаатай зүйл их байдаг юм байна. Үүнийг олж мэдэх, ойлгох гэдэг нь өөрөө маш хүнд асуудал байдаг юм байна. Энэ бүх процесс үйл явдлыг ойлгож мэдсэний ар дээр энэ зүйлүүд жигдэрч эхэлж байгаа гэж би түрүүн хэлсэн. Одоо л сайхан жигдэрч байна. Монгол менежмэнтийн баг маань орж ирж VOLVES intertaiment-тай хамтраад ажлууд маань зөв болоод гольдрилдоо ороод явж байна.
-Хамтлаг жигдрээд, голдролдоо орсон гэлээ. Тэгэхээр та хамтлагийнхантай цаашид цуг явах уу. Эсвэл эндээ арыг нь дааж үлдэх үү. Ямархуу байдлаар зохицуулж байна вэ?
-Би эхлэл, төгсгөл дээр нь заавал очдог. Яагаад гэвэл тухайн түүвэр эхлэх ажиллагаа маш чухал байдаг. Зарим тохиолдолд хөгжим дугаргадаг хүмүүс маань солигддог. Зарим тохиолдолд гэрлийн инженерүүд солигддог. Янз бүрийн хүмүүс солигдохоор тэдэнд бүгдэд нь ойлгуулж хэлж өгөх, яаж дугаргах, хүмүүс эндээс ямар филлингийг мэдрэх ёстой юм, үндсэн Хүннү рокын өөрийнх нь саунд нь ямар юм бэ, европ рок шиг дугаргаад эхлэнэ шүү дээ. Тэд өөрсдөө сайн мэдэхгүй учраас. Тэр байгаа бүх филлингийг өгч, ойлгуулж, түүнийг дугаргах ажлуудыг ойлгуулж хэлж өгнө. Тиймээс энэ ажлууд дээрээ заавар зөвлөгөөг нь өгч явдаг. Үүнээс хойш хүмүүс маань үндсэн юмнуудаа бариад явчихна. Эхний хэд хоногийн тоглолтод нь чекэлж засвар гарах зүйл байвал түүн дээр нь анхааруулж хэлж өгч ойлгуулчихаад, боллоо гэсэн үедээ буцаж ирдэг.
-Хү хамтлагийн хуулийн баг их сайн ажилладаг шиг харагддаг. Бүх дуугаа Оюуны өмчид бүртгүүлсэн үү. Оюуны өмчөө хэрхэн хамгаалж байна вэ?
-Бүх дуугаа Оюуны өмчид бүртгүүлдэг. Ер нь Хү-тэй холбоотой гарч байгаа зүйлсийг бүгдийг нь Оюуны өмчөөр бүртгүүлсэн. Бүх чиглэл дээр өмчийн баталгаа авчихсан байдаг. Оюуны өмчөө хадгалж авна гэдэг нь энэ чинь өөрөө хөрөнгө шүү дээ. Маш том хөрөнгө. Хүний нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй зүйлүүд яваад байгаа. Түүнийг нь гадны соёлтой орнууд олон жил юмыг мэдрээд ойлгоод, Оюуны өмч гэж юу юм бэ гэдгийг ойлгочихсон, мэдэрчихсэн улсуудад Оюуны өмч нь хамгийн үнэтэй зүйл нь байдаг. Түүнээс байшин барилга, үйлдвэр, эд хөрөнгө байж байгаад нурж болдог. Үйл ажиллагаа нь зогсож болдог. Алдагдал хүлээж болдог. Оюуны өмч бол яг л байж л байдаг. Олон улсад үйл ажиллагаа явуулахад Оюуны өмч маш чухал. Тиймээс бүгдийг нь хамгаалж, албан ёсны болгож авсан байх ёстой. Тэдгээр ажлуудыг бүгдийг нь жигд сайхан хийгээд явж байгаа.
-Та бүхэнд хэлэхгүйгээр, зөвшөөрөл авахгүйгээр өмчийг нь хэрэглэх тохиолдлууд хамгийн ихээр хаанаас гарч байна вэ?
-Манайхан энэ тал дээр ойлголт их муутай байдаг юм шиг байна. Тэр утгаараа Хү-гийн юмнуудыг янз бүрийн зүйлд оруулж хэрэглэх, өөрсдөдөө ашиглах зүйлүүд яваад байна л даа. Энэ чинь хүний лангуун дээр байгаа барааг шууд дээрэмдэж аваад хэрэглэж байна гэсэн үг шүү дээ. Ямар ч хүн хүний лангуун дээрх наранцэцгийн тосыг би энүүгээр чинь хоол хийгээдхье гэж авч яваад хоол хуураад, реклам хийгээд, өөрсдөө телевизээр гараад байж болдоггүй биз дээ. Заавал мөнгө төлж авдаг. Ядахдаа тэр тосны нэрнийх нь нэг үсэг гарсан ч, зураг нь гарсан ч тэр чинь төлбөртэй байдаг зүйл. Оюуны өмч гэдэг нь тэр гарт баригдаж, нүдэнд харагдаж байгаа зүйл шиг л үнэтэй байхгүй юу. Монголчууд нэг үеэ бодвол соёлтой болоод эхэлсэн.
-Хү хамтлагийн уран бүтээлүүдээс ашиглая, хэрэглэе гэвэл хэнд хандах ёстой вэ?
-Менежмэнтийн баг, продюсер надтай ч юмуу заавал харьцах ёстой. Заавал харьцаж зөвшөөрөл авах ёстой. Тодорхой хэмжээний төлбөрөө төлөх ёстой. Хэрэглэх зориулалт хугацаа, төрлөөсөө хамаараад тодорхой үнийн тарифтай. Монголын рок поп, хөгжмийн зохиолчид, монголд урлагийн янз бүрийн ажлуудыг хийдэг, зураач, сийлбэрч эдгээр зүйлүүд чинь бүгд л Оюуны өмч. Хүмүүсийн зурсан зургийг дураараа аваад, хятадад аваачаад алчуур үйлдвэрлээд монголдоо зарж байх жишээтэй. Гоё зурчихсан зургуудыг нь хэвлээд жаазлаад зарж байх жишээтэй. Зөвшөөрөлгүйгээр. Энэ чинь болохгүй шүү дээ. Хүний хөдөлмөрийг үнэлэхгүй байна. Хүний хийсэн зүйлийг хулгайлж байна гэсэн үг. Арга хэмжээ зохион байгуулахад чанга яригчдаа мөнгө төлдөг. Түүнд оролцож байгаа, хөдөлж байгаа хүмүүстээ мөнгө төлнө. Дэлгэц тайзандаа мөнгө төлнө. Тэнд дугарч байгаа дуун дээрээ мөнгө төлдөггүй. Тэнд нэг хүн лекц уншихад ард нь явж байгаа хөгжимдөө мөнгө төлдөггүй. Үүнд бүгдэд нь мөнгө төлөх ёстой. Хамгийн түрүүнд Оюуны өмчдөө мөнгийг нь төлчихөөд бусдад нь зүгээр төлбөрүүдээ өгөөд явчихдаг зүйл. Зөвшөөрөл авах гэдэг нь өөрөө тодорхой хэмжээнд гэрээ хийж, зөвшилцөж ярьж байж, тохиролцож байж үүсдэг харилцаа. Яг тэр гэрээнийхээ дагуу юмаа хэрэглээд явах ёстой зүйл. Гэтэл бусдад нь бүгдэд нь мөнгө төлсөн хэрнээ ард нь дугарч байгаа хөгжимдөө нэг ч төгрөг төлдөггүй. Үүнийг зүгээр л ингээд хэрэглэх ёстой гэж ойлгодог. Хэрэглэхгүй ёсгүй. Харин түүн дээр мөнгө төлж хэрэглэх ёстой.
-Та хувийн уран бүтээлүүдээ хийх үү?
-Надад хувийн зүгээс бэлдсэн гурван альбом бий. Бэлдчихсэн байгаа. Тэр рүүгээ ханцуй шамлаад орж чадахгүй хэмжээнд л завгүй ажиллаад байна. Хамтлагийнхаа ажил дээр илүү анхаарч байгаа. Цаг хугацаа түүн дээр асар ихээр шаардагдаж байгаа учраас одоогоор хувийн зүйлсээ орхисон. Гэхдээ дуулаад, бичээд бэлэн болгочихсон гурван альбом бий. Үүнийгээ клипжүүлэх, CD пянз болгож хувилж гаргаж ирэх ажлууд маань л үлдчихээд байгаа юм.
С.ОТГОНБАЯР