Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын уран бүтээлчид Монгол түмний уламжлалт “Сар шинийн баяр”-ыг өмнөхөн “Ардын дуу мину-2” кино концертын нээлтээ /2024.02.01/ хийлээ. Монгол Улсын Гавьяат Жүжигчин уртын дуучин Д.Ширмэнтуяагийн санаачилгаар 2020 онд “Ардын дуу мину-1” кино концерт хийгдэж үзэгч түмэнд хүрч байсан юм. Өнөөдөр нээлтээ хийсэн “Ардын дуу мину-2” кино концерт нь өвөл цагт хийгдсэнээрээ онцлогтой юм.
Цуврал болон хийгдэж байгаа энэхүү кино концертын ерөнхий продюсероор нь МУГЖ Д.Ширмэнтуяа ажилласан бол ерөнхий найруулагчаар нь СТА Т.Баатархүү, Хормистер хөгжмийн зохиолч СТА Б.Энхбаяр нар ажиллажээ. 40 гаруй минут үргэлжлэх “Ардын дуу мину-2” кино концертод Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын 20 гаруй дуучин, 100 орчим уран бүтээлчид оролцжээ.
Жар далан жилийн тэртээ “Манай аялгуу” хэмээх сайхан уран бүтээлийг тухайн үеийн уран бүтээлчид бүтээж ард түмэндээ тухайн үед хамгийн их дуулагдаж байсан олон сайхан дууг дэлгэцнээ амилуулан мөнхөлж хойч үедээ үлдээж байсан. Түүнээс хойш ардын дууны төрлөөр кино концерт хийгдээгүй бөгөөд 2020 онд МУГЖ Д.Ширмэнтуяа санаачлан дахин хийж өнөө цагийн залуучууд, үзэгч олондоо хүргэж байна.
Мөн “Ардын дуу мину” нэг болон хоёр дахь кино концертод багтсан уран бүтээлийн тоглолт Тусгаар Тогтнолын ордонд өнөөдөр болж байна. Тоглолтод Ардын Жүжигчин, Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит дуучид, Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал хөгжим, Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын бүжигчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.